Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбооноос хоёр жил тутам зохион байгуулж ирсэн “Эрдэс боловсруулалт-2024” олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 7 дахь удаагаа Новотел зочид буудлын Хурлын танхимд үргэлжилж байна.
Ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлд хэрэглэгдэж буй шинэ технологиудыг танилцуулах, практикт нэвтэрсэн дэвшилтэт техник технологи, программ хангамжуудыг нутагшуулах, харилцан мэдлэг, туршлага солилцох, эрдэс боловсруулалтын салбарын чиг хандлагыг тодорхойлоход тус хурлын зорилго оршиж ирсэн.
Энэ удаагийн "Эрдэс боловсруулалт-2024" олон улсын хуралд уул уурхайн өндөр хөгжсөн Канад, Австрали, АНУ, БНХАУ тэргүүтэй гадаад, дотоодын 300 гаруй судлаач, мэргэжилтнүүд оролцож, шинэ мэдлэг мэдээлэл солилцож, судалгааны үр дүн, сайн туршлагаа хуваалцаж байна. Нийт 20 гаруй илтгэл энэ өдөр хэлэлцүүлэхээр байгаа юм. "Эрдэс боловсруулалт-2024" олон улсын хурлын мэдээллийн түншээр Mining.mn ажиллаж байна.