МУУҮА-ийн Зөвлөлийн дарга З.Ган-Очиртой NEWS.MN цаг үеийн асуудлаар ярилцжээ.
-Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл геологи, уул уурхайн салбарынхны анхаарлыг татаж байна. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?
-Усны нөөцийг хамгаалах, үйлдвэрлэлийн хэрэглээг оновчтой болгох зорилгоор хэрэгжүүлэх зохицуулалтууд нэлээд байна. Гэхдээ эдгээр зохицуулалтууд нь шинжлэх ухааны үндэслэлтэй, ус ашиглалтын бодит нөхцөл, Монгол орны онцлогт нийцсэн, үйлдвэрлэлийн технологийн шийдэх боломжтой, эдийн засгийн үр дагаврыг харгалзсан байх шаардлагатай.
Хуулийн төслийн 48.6 дахь хэсэгт ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулах үйл ажиллагаанд газар доорх цэнгэг ус ашиглахыг хориглохоор тусгасан байна.
Гэвч уул уурхайн төслүүдийн усны эх үүсвэр, ашиглалтын нөхцөл, боломж нь тухайн ордын байршил, гидрогеологийн онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байдаг. Тиймээс усны нөөцийг хамгаалах нэрээр уул уурхайн салбарт нийтлэг хориг тогтоох нь оновчтой зохицуулалт биш. Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, бохирдлоос сэргийлэх нь тогтвортой хөгжлийн суурь асуудал. Ялангуяа усны нөөц хязгаарлагдмал говийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд усны хэрэглээгээ бууруулах, дахин ашиглалтыг нэмэгдүүлэх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллөө багасгах чиглэлээр урт хугацааны зорилттой ажиллахад уул уурхайн салбарынханд татгалзах зүйл байхгүй. Зүгээр л хамгийн том биш хэрэглэгчийг нь ганцхан хориглоно гэдэг их өрөөсгөл шийдэл. Уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах зорилт тавьдаг атлаа үйлдвэрлэлийн үндсэн хэрэгцээ усны ашиглалтад нийтлэг хориг тогтоох нь эдгээр зорилттой зөрчилдөж, төрийн бодлогын уялдаа холбоог алдагдуулах эрсдэлтэй.
-Хуулийн төслийн 48.6 дахь хэсэгт ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулах үйл ажиллагаанд газар доорх цэнгэг ус ашиглахыг хориглож, баяжуулах үйлдвэрт зөвхөн дахин ашиглах ус хэрэглэхээр тусгасан зохицуулалт бодит нөхцөл байдалтай хэр нийцэж байна вэ?
-Уурхай бүрийн байршил, гидрогеологийн нөхцөл, үйлдвэрлэлийн технологи, усны хэрэгцээ харилцан адилгүй. Нэгэнт байгуулагдсан уурхай, үйлдвэрийг өөр газар шилжүүлэх боломжгүйтэй адил усны эх үүсвэрийг ч богино хугацаанд өөрчлөх боломж хязгаарлагдмал. Тухайлбал, баяжуулах үйлдвэрүүд үйлдвэрлэлдээ ашигласан усаа эргэлтэд оруулж, дахин ашигладаг.
Гэвч үйлдвэрлэлийн явцад ууршилт, шүүрэлт, бүтээгдэхүүн болон хаягдалтай хамт гарах усны алдагдал үүсдэг учраас түүнийг нөхөхөд тодорхой хэмжээний анхдагч ус зайлшгүй шаардлагатай. Усны эргэлтийн системийг сайжруулж, дахин ашиглалтыг нэмэгдүүлэх боломжтой ч бүх үйлдвэр гаднаас ус авах шаардлагагүй болох технологийн нөхцөл бүрдээгүй.
Гэтэл хуулийн төслийн 48.6 дахь хэсэгт баяжуулах үйлдвэр зөвхөн 4.1.42-т заасан усыг ашиглана гэж тусгасан. Харин 4.1.42-т хаягдал усыг стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэж, зориулалтын дагуу дахин ашиглах тухай тодорхойлсон. Эдгээр заалтыг хамтад нь авч үзвэл баяжуулах үйлдвэрийн технологийн алдагдлыг нөхөх анхдагч усны хэрэгцээг хэрхэн хангах нь тодорхойгүй байна. Өнөөгийн нөхцөлд алслагдмал бүс нутагт Монголыг эзэнтэй, эдийн засгийн үйл ажиллагаатай байлгаж байгаа тулгуур хоёр салбарын нэг болох уул уурхайн салбарт тэр алслагдмал байрлалд саарал ус хэрэглэх эх үүсвэр байхгүй шүү дээ. Усыг дахин ашиглах шаардлага тавих нэг асуудал. Харин үйлдвэрийн бүх хэрэгцээг зөвхөн дахин ашиглах усаар хангана гэж хуульчлах нь өөр асуудал. Эдгээрийг ялгаж ойлгохгүй бол ус хэмнэх зорилготой зохицуулалт зарим үйлдвэрийн үйл ажиллагааг техникийн хувьд хэрэгжүүлэх боломжгүй нөхцөлд хүргэх эрсдэлтэй. Иймээс газар доорх цэнгэг ус ашиглах хоригийг хэрэгжүүлэхээс өмнө хайгуул, олборлолт, боловсруулах үйлдвэрлэлийн усны хэрэгцээ, ашиглаж буй эх үүсвэр, түүнийг орлуулах боломж болон технологийн шаардлагыг нарийвчлан үнэлэх шаардлагатай.
-Уул уурхайн салбар усны нөөцийг ихээр ашигладаг гэсэн шүүмжлэл бий. Гэтэл хуулийн төсөлд зөвхөн уул уурхайн салбарт газар доорх цэнгэг ус ашиглахыг хориглож байгаа нь хэр үндэслэлтэй вэ?
-Усны нөөцийн ашиглалтыг салбар хооронд нь харьцуулахдаа хэрэглээний хэмжээнээс гадна усны эх үүсвэр, ашиглалтын зориулалт, төлбөрийн зохицуулалтын онцлогийг харгалзан үзэх шаардлагатай.
Тухайлбал, “Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан”-д дурдсанаар 2022 онд улсын хэмжээнд ашигласан усны 55.9 хувийг хөдөө аж ахуй, 15.3 хувийг уул уурхайн салбар эзэлж байсан бол ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн нийт орлогын 90 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлсэн байна.
Бага хэрэглээд ихийг төлдөг шалтгаан нь бид хуулийн дагуу ус бохирдуулсны төлбөр төлдөг цөөн салбарын нэг. Бусад салбарын усны хэрэглээний багагүй хэсэг нь төлбөрөөс чөлөөлөгддөг. Иймээс усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах бодлогыг зөвхөн уул уурхайн салбарт чиглүүлэх бус, салбар бүрийн усны хэрэглээ, төлбөрийн зохицуулалтын ялгааг харгалзан үзэж, бусад салбарын ус ашиглалтыг ч оновчтой болгох шаардлагатай. Хуулийн төсөлд ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулах үйл ажиллагааг ялгамжтай байдлаар авч үзэж, газар доорх цэнгэг ус ашиглахыг хориглосон атлаа хөдөө аж ахуй, эрчим хүч болон бусад үйлдвэрлэлийн салбарт ижил агуулгатай хориг тогтоогоогүй. Нэг ижил байгалийн нөөцийг ашиглаж буй салбаруудад ялгаатай шаардлага тогтоосон нь хуулийн энэхүү зохицуулалт байгаль орчныг хамгаалах үндсэн зорилгодоо хэр нийцэж байгаа вэ гэсэн эргэлзээг төрүүлж байна.
Уул уурхайн салбарын дахин хэрэглэгдэж буй усны хувь дунджаар 75 хувь байдаг. Оюу Толгой ХХК-д 85 хувьд нь саарал усаа хэрэглэж байгаа. Манай улсад ингэж эргүүлж дахин хэрэглэдэг салбар өөр байхгүй дээ.
–Хэрэв хууль одоогийн найруулгаараа батлагдвал уул уурхайн салбар, хөрөнгө оруулалт болон эдийн засагт ямар үр дагавар гарах вэ?
-Уул уурхайн төсөл олон жилийн хайгуул, судалгаа, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалтын үр дүнд хэрэгждэг. Тухайн ордын байршил, үйлдвэрлэлийн технологи, усны эх үүсвэрт тулгуурлан техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Хэрэв одоо ашиглаж буй усны эх үүсвэрийг хоригловол түүнийг орлуулахад их хэмжээний хөрөнгө оруулалт, хугацаа шаардагдах бөгөөд өөр эх үүсвэргүй тохиолдолд үйлдвэрлэлийн хүчин чадал буурах, цаашлаад үйл ажиллагаа зогсох эрсдэлтэй. Энэ эрсдэл зөвхөн говийн бүсээр хязгаарлагдахгүй, төвийн бүсийн уурхайнууд ч өртөх боломжтой. Үүний үр дагавар тухайн компаниар хязгаарлагдахгүй, хэдэн мянган ажлын байр, ханган нийлүүлэлтийн зогсолт, тээвэр логистикийн сул зогсолт, экспорт, улсын болон орон нутгийн төсвийн орлогод сөргөөр нөлөөлнө. Тэгвэл эдгээр эрсдэл, ялангуяа ажлын байр, төсвийн орлогын тасалдлыг хэрхэн зохицуулах вэ? Ийм үр дагавар, түүнийг бууруулах арга хэмжээг хуулийн төсөлтэй хамт урьдчилан тооцох шаардлагатай.
-Тэгвэл МУУҮА-ийн зүгээс хуулийн төслийн энэ зохицуулалтыг хэрхэн өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байна вэ?
-Бид газар доорх цэнгэг усны ашиглалтыг хязгаарлах зохицуулалтыг бүхэлд нь үгүйсгээгүй. Харин усны нөөц, чанар, нөхөн сэлбэгдэх боломж, экологийн эрсдэлийг харгалзан сав газар бүрийн онцлогт нийцсэн зохицуулалт хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Хуулийн төсөлд ус ашиглах боломжит нөөцийн дээд хязгаарыг сав газар бүрээр тогтоохоор тусгасан нь энэ чиглэлд ашиглаж болох зохицуулалт.
Нэн түрүүнд судалгаа, шинжилгээ, шинжлэх ухаанд суурилсан он удаан жил хэрэгжих, иргэдийн хартлцааг зохицуулсан сайн хууль болгож оруулж ирэх хэрэгтэй.
Түүнчлэн хуулийн төслийн 48.6 дахь хориглох зохицуулалт болон 4.1.42 дахь ус дахин ашиглахтай холбоотой тодорхойлолтын уялдааг хангаж, баяжуулах үйлдвэрийн анхдагч усны хэрэгцээ, технологийн явцад үүсэх усны алдагдлыг нөхөх асуудлыг тодорхой шийдвэрлэх шаардлагатай. Бүх салбарт хүрдэг энэ чухал хуулийг илүү нухацтай боловсруулж зөвхөн уул уурхай гэлтгүй бусад олон талын саналыг тусгамаар байна. Байгаль орчин, усны асуудал бол шинжлэх ухаан, судалгааны өргөн хүрээтэй, эдийн засгийн бүхий л салбарт нөлөөлдөг, олон талт зохицуулалт шаардсан асуудал.
Гэтэл ийм өргөн хүрээний харилцааг зохицуулах хуулийн төслийн зарим заалт нь бодит нөхцөл байдал, хэрэгжилтийн боломж, үр дагаврыг хангалттай тооцоогүй, тунхагийн шинжтэй байна.
Аливаа хууль тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэх ёстой болохоос шууд ганцхан салбарт хэрэглээг нь “хориглоно” гэсэн зохицуулалтаар хандах их хүндрэл үүсгэнэ. Тиймээс УИХ хуулийн төслийг шинжлэх ухааны үндэслэл, судалгаа шинжилгээнд тулгуурлан боловсронгуй болгож, бодитой хэрэгжих боломжийг хангах шаардлагатай.
Эх сурвалж: News.mn, П.Батзаяа