УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ КОМПЛАЙНС: ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА БА МОНГОЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ
16 Цагийн өмнө
478
УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ КОМПЛАЙНС:  ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА БА МОНГОЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ
Комплайнс буюу хууль, журам болон хүлээсэн үүргээ тогтвортой биелүүлэх тогтолцоо нь уул уурхайн компанийн нэн тэргүүний шаардлага, хөгжих үндэс болж байна.

Нийтлэлийг бэлтгэсэн: Т.Ням-Осор

Уул уурхай бол Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар бөгөөд экспортын орлого, улсын төсвийн томоохон хэсгийг бүрдүүлдэг. Гэвч энэ салбарын үйл ажиллагаа байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, орон нутгийн иргэд, төрийн өмч, санхүүгийн ил тод байдалтай шууд холбогддог тул хууль, дүрэм, стандартын шаардлага хамгийн өндөр түвшинд тавигддаг. Иймд комплайнс буюу хууль, журам болон хүлээсэн үүргээ тогтвортой биелүүлэх тогтолцоо нь уул уурхайн компанийн нэн тэргүүний шаардлага, хөгжих үндэс болж байна.

Комплайнсын мөн чанар ба салбарын онцлог

Комплайнс гэдэг нь байгууллага хуулиар тогтоосон шаардлага болон сайн дураараа хүлээсэн үүргээ, тухайлбал гэрээ, стандарт, ёс зүйн дүрэм, оролцогч талуудад өгсөн амлалтаа тогтмол тодорхойлж, биелэлтийг нь хангаж, хянаж, сайжруулж байх удирдлагын тогтолцоо юм. Энэ нь зөвхөн хууль зөрчихгүй байхаас илүү өргөн ойлголт бөгөөд байгууллагын соёл, шийдвэр гаргалт, өдөр тутмын үйл ажиллагаанд шингэсэн байх ёстой. ISO 37301:2021 стандарт нь энэхүү тогтолцоог бий болгох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн загварыг өгдөг бөгөөд Монгол Улсад MNS ISO 37301:2022 үндэсний стандарт болон батлагдсан.

Уул уурхайн салбарт комплайнсын үүрэг олон үе шаттай байдаг. Ашигт малтмалын тухай хууль, тусгай зөвшөөрлийн нөхцөл, уурхайн нөхөн сэргээлт ба хаалтын үүрэг, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, ус ашиглалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, авлигын эсрэг хууль тогтоомж, худалдан авалтын журам зэрэг нь нэгэн зэрэг үйлчилдэг. Үүн дээр төрийн өмчит компанийн засаглал, толгой компани ба охин компанийн харилцаа, олон тооны гэрээт гүйцэтгэгчдийн үйл ажиллагааг хянах шаардлага нэмэгддэг. Эдгээрийн аль нэгэнд гарсан зөрчил нь бусад чиглэлд шууд нөлөөлдөг онцлогтой.

Үр дүнтэй комплайнсын тогтолцоо нь удирдлагын манлайлал, хамаарах бүх үүргийг нэгтгэсэн бүртгэл, эрсдэлийн үнэлгээ, хяналт ба дотоод аудит, зөрчлийг айдасгүйгээр мэдээлэх суваг, ажилтны сургалт гэсэн үндсэн элементүүдээс бүрддэг. Эдгээр нь тусдаа ажил биш, харин нэг тасралтгүй сайжруулалтын мөчлөг болж ажиллах ёстой.

Олон улсын туршлага

Дэлхийн уул уурхайн салбарын сүүлийн арван жилийн түүх нь комплайнсын алдаа ямар өндөр үнэтэй байдгийг тод харуулсан. 2019 онд Бразилд Vale компанийн хаягдлын далан нурж, 270 орчим хүний амь эрсдэсэн явдал салбарыг бүхэлд нь цочроосон. Үүний дараа Олон улсын уул уурхай, металлын зөвлөл (International Council on Mining and Metals, ICMM), НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (United Nations Environment Programme, UNEP), Хариуцлагатай хөрөнгө оруулалтын зарчим (Principles for Responsible Investment, PRI) хамтран 2020 оны 8-р сард Уурхайн хаягдлын менежментийн салбарын дэлхийн стандарт (Global Industry Standard on Tailings Management, GISTM) батлагдаж, Олон улсын уул уурхай, металлын зөвлөлийн (ICMM) гишүүн компаниуд үүнийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн.

Мөн 2020 оны 5-р сард Австралид Rio Tinto компани тэсэлгээ хийх явцад уугуул иргэдийн 46 мянган жилийн түүхтэй Жуукан хавцлын соёлын өвийг устгасан нь хууль ёсны зөвшөөрөлтэй байсан ч нийгмийн хүлээлтийг зөрчсөн үйлдэл гэж үзэгдсэн. Үүний улмаас компанийн гүйцэтгэх захирал болон өөр хоёр удирдах ажилтан албан тушаалаасаа огцорсон. Энэ тохиолдол нь комплайнс зөвхөн хуулийн хүрээгээр хязгаарлагдахгүй, оролцогч талуудын итгэлийг хадгалах асуудал гэдгийг харуулсан.

Авлигын эсрэг чиглэлд 2022 онд Швейцарийн Glencore компани Нигери, Камерун, Кот-д’Ивуар, Экваторын Гвиней, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Бразил, Венесуэл зэрэг Африк, Латин Америкийн долоон оронд арав гаруй жилийн турш хээл хахууль өгсөн хэргээр АНУ, Их Британид гэм буруугаа хүлээж, АНУ, Их Британи, Бразилын эрх бүхий байгууллагуудтай зохицуулсан шийдвэрээр 1.1 тэрбум гаруй ам.доллар төлөх, бие даасан комплайнсын хянагч ажиллуулах үүрэг хүлээсэн. АНУ-ын Гадаад дахь авлигын үйлдлийн тухай хууль (Foreign Corrupt Practices Act, FCPA), Их Британийн Хээл хахуулийн тухай хууль (UK Bribery Act) зэрэг нь гадаадад үйл ажиллагаа явуулж буй компаниудад үйлчилдэг тул олон улсын түнш, худалдан авагчидтай хамтран ажилладаг Монголын компаниудад ч шууд хамааралтай.

Эерэг туршлагын хувьд, Олон улсын уул уурхай, металлын зөвлөл (ICMM) нь Уул уурхайн 10 зарчим, түүнд хамаарах гүйцэтгэлийн шаардлагыг гишүүнчлэлийн нөхцөл болгосон бөгөөд гишүүн компаниуд талбай бүрт өөрийн үнэлгээ хийж, гуравдагч этгээдээр баталгаажуулалт хийлгэн, үр дүнг тогтвортой хөгжлийн тайландаа ил тодорхойлдог. Энэ туршлага Монголд ч хэрэгжиж байна: ICMM-ийн гишүүн Rio Tinto компанийн удирддаг Оюу толгой уурхай эдгээр шаардлагад хамрагддаг бөгөөд зэсийг хариуцлагатай үйлдвэрлэж буйг баталгаажуулдаг Copper Mark тэмдгийг анх авсан үйлдвэрлэгчдийн нэг болсон. Олон улсын томоохон уул уурхайн компаниуд комплайнсын үүргийн цахим бүртгэл хөтөлж, эрсдэлийн үнэлгээг үйл ажиллагааны түвшинд хүртэл задалж, гүйцэтгэгчдийг гэрээ байгуулахаас өмнө шалгаж, гэрээний хугацаанд тогтмол аудитад хамруулдаг. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС) нь төлбөр, татвар, гэрээ, бенефициар өмчлөгчийн мэдээллийг ил болгох шаардлагаар дамжуулан салбарын засаглалыг бэхжүүлж байна. Монгол Улс 2006 онд энэ санаачилгад нэгдсэн бөгөөд 2018 онд стандартын бүх шаардлагыг хангасан орон болсон. Түүнчлэн хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагууд ESG үзүүлэлтийг санхүүжилт олгох шийдвэрийн салшгүй хэсэг болгосон нь комплайнсыг өрсөлдөх чадварын хүчин зүйл болгож байна.

Монголын уул уурхайд хэрэгжүүлэх нь...

Олон улсын туршлагаас харахад комплайнс бол бичиг баримтын ажил биш, удирдлагын тогтолцоо юм. Монголын уул уурхайн компаниудын хувьд хамгийн түрүүнд хамаарах бүх хууль, журам, гэрээний үүргийг нэг бүртгэлд нэгтгэж, хариуцагчийг тодорхойлох, эрсдэлийн үнэлгээг үйл ажиллагааны түвшинд хийх шаардлагатай. Дараагийн алхам нь комплайнсыг ISO 37301 зэрэг бусад менежментийн тогтолцоотой нэгтгэж, давхардлыг арилгах явдал юм.

Гэрээт гүйцэтгэгчдийн комплайнс хэрэгжилтэд захиалагчаас онцгой анхаарч комплайнсын аудит хийх шаардлагатай юм. Уурхайн үйл ажиллагааны нэлээд хэсгийг гүйцэтгэгчид хийдэг тул тэдний аюулгүй ажиллагаа, байгаль орчин, хуөдөлмөрийн харилцааны ноцтой зөрчил нь захиалагч компанийн хариуцлага, нэр хүндэд шууд нөлөөлдөг. Иймд гүйцэтгэгчийг сонгох, гэрээ байгуулах, хянах, үнэлэх бүх үе шатанд комплайнсын шаардлагыг тусгах нь олон улсын жишиг болсон.

Эцэст нь, комплайнсын соёл удирдлагаас эхэлдэг бөгөөд ТУЗ болон гүйцэтгэх удирдлага комплайнсын тайланг тогтмол хэлэлцэж, шаардлагатай нөөцийг хуваарилж, өөрсдийн шийдвэр гаргалтаар үлгэр жишээ үзүүлэх нь ажилтан бүрийн хандлагад хамгийн их нөлөө үзүүлнэ.

Дүгнэлт

Уул уурхайн комплайнсыг зөвхөн хяналт, шалгалтын хэрэгсэл гэж харах нь хангалтгүй. Олон улсын туршлагаас харахад нэг удаагийн ноцтой зөрчил хүний амь нас, байгаль орчин, компанийн нэр хүнд, санхүүд нөхөж баршгүй хохирол учруулдаг бол төлөвшсөн комплайнсын тогтолцоо нь эрсдэлийг урьдчилан удирдах, хөрөнгө оруулалт татах, оролцогч талуудын итгэлийг бэхжүүлэх стратеги болдог. Комплайнсыг өдөр тутмын үйл ажиллагаандаа шингээсэн компани л урт хугацаанд тогтвортой хөгжиж, өрсөлдөх чадвартай байх болно.

 

 

 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.