Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд мэргэжлийн холбоод байр сууриа илэрхийллээ
30 Минутын өмнө
70
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд мэргэжлийн холбоод байр сууриа илэрхийллээ
Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан геологи, уул уурхай, усны салбарын мэргэжлийн холбоод байр сууриа илэрхийлж, санал, мэдэгдэл хүргүүлээд байна.

Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан геологи, уул уурхай, усны салбарын мэргэжлийн холбоод байр сууриа илэрхийлж, санал, мэдэгдэл хүргүүлээд байна.

2026 оны 11 дүгээр сарын 9–18-ны өдрүүдэд Монголын гидрогеологи, геоэкологийн мэргэжлийн холбоо, Монголын геологийн холбоо, Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл, Монгол нүүрс ассоциаци, Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци болон Монголын усны инженерчлэлийн мэргэжлийн холбоо тус тус хуулийн төслийн талаар санал, байр сууриа илэрхийлжээ.

Мэргэжлийн холбоодын нийтлэг байр суурь нь хуулийн төслийн 48.6 дахь хэсэгт тусгасан ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаанд газрын доорх цэнгэг ус ашиглахыг нийтлэг байдлаар хориглох зохицуулалтыг эргэн харж, шинжлэх ухааны үндэслэл, усны нөөц, экологийн эрсдэл, бүс нутгийн байгалийн нөхцөл болон салбарын технологийн онцлогт нийцүүлэн боловсруулах шаардлагатай гэсэн агуулгатай байна.

Түүнчлэн уг зохицуулалт нь геологийн судалгаа, хайгуулын ажлыг хязгаарлах, олборлолт, боловсруулах үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, ажлын байр, хөрөнгө оруулалт, улсын болон орон нутгийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэйг онцолжээ.

Мөн усны нөөц, чанар, нөхөн сэлбэлт, ашиглалтын даацад үндэслэсэн зохицуулалт бий болгох, усны судалгаа, мониторингийг эрчимжүүлэх, дахин ашиглалтыг нэмэгдүүлэх, гадаргын усны эх үүсвэрийг хөгжүүлэх, ус ашиглалтын төлбөр болон нөхөн сэргээлтийн зохицуулалтыг нарийвчлах зэрэг саналыг дэвшүүлсэн байна.

Мэргэжлийн холбоод усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах бодлогын хүрээнд хуулийн төслийн нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бодитой үнэлж, нэмэлт хэлэлцүүлэг зохион байгуулах, эрдэмтэн судлаач, инженер, салбарын мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангах замаар хуулийн төслийг боловсронгуй болгох шаардлагатайг илэрхийлж байна.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.