Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан МУУҮА мэдэгдэл гаргалаа
МЭДЭГДЭЛ
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг зөвхөн 48.6 дахь хэсгээр хязгаарлалгүй, бүхэлд нь бодит судалгаанд үндэслэн, олон талын саналыг тусгаж боловсронгуй болгохыг уриалж байна.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн шатанд байгаа тус төслийн 48.6 дахь хэсэгт ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулах үйл ажиллагаанд газар доорх цэнгэг ус ашиглахыг шууд хориглож, баяжуулах үйлдвэрт зөвхөн 4.1.42-т заасан дахин ашиглах ус хэрэглэхээр тусгасан нь эдийн засаг, төсвийн орлого, салбарын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлөхүйц байна.
Бид тус заалтыг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна:
1. Хуулийн үндсэн зорилгод нийцэхгүй
Усны тухай хуулийн гол зорилго нь цэнгэг усны нөөцийг бий болгох, хэмнэн хамгаалах, иргэдийн цэвэр усны хүртээмжийг нэмэгдүүлэх явдал. Гэтэл 48.6 дахь хэсэг эдгээр зорилгод хүрэх бодит арга замыг тусгахын оронд нэг салбарын гүний цэнгэг ус болон баяжуулах үйлдвэрийн хэрэглээний усыг хориглоход голчлон чиглэжээ.
2. Ажиллаж буй уурхай, баяжуулах үйлдвэрүүд зогсох эрсдэлтэй
. Хориг хэрэгжиж эхэлбэл одоо ажиллаж байгаа томоохон уурхай, баяжуулах үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсооход хүрч, олон мянган ажлын байр алдагдах эрсдэлтэй. Газар доорх усны нөөц, гидрогеологийн нөхцөл, усны өөр эх үүсвэр ашиглах боломж бүс нутаг бүрд өөр байхад үүнийг харгалзахгүйгээр нийтлэг хориг тогтоох нь бодит байдалд нийцэхгүй.
3. Нийлүүлэгчид, орон нутгийн эдийн засагт нөлөө үзүүлнэ
Уурхай зогсвол уурхайчдын гэр бүл, түүнчлэн уурхайд бараа, ажил, үйлчилгээ нийлүүлдэг үндэсний үйлдвэрлэгчид, жижиг, дунд бизнес эрхлэгчид, ялангуяа алслагдсан сум, суурин газрын иргэдийн орлого, амьжиргаанд шууд нөлөөлнө.
4. Улс орны хөгжлийн санхүүжилт буурч, ирээдүйн хуримтлал тасалдана
Уул уурхайн орлого нь боловсрол, эрүүл мэнд, орон сууц, орон нутгийн хөгжил болон улс орны бүтээн байгуулалтын санхүүжилтийн гол эх үүсвэр болдог. Энэ орлогоор Чингис хаан үндэсний баялгийн санг бүрдүүлж, хойч үедээ өвлүүлэх хуримтлал үүсгэж байна. Хайгуул хязгаарлагдвал ойрын 10-20 жилд уг санг арвижуулах томоохон ордуудыг илрүүлж, ашиглалтад оруулах ажил тасалдана.
Бидний байр суурь, санал:
Бид усны нөөцийг хамгаалах бодлогыг бүрэн дэмжиж ирсэн. Монголын геологи, хайгуул, уул уурхайн салбар нь усны хамгийн том хэрэглэгч биш боловч усны төлбөрийн 90 хувийг бүрдүүлж, үйлдвэрлэлийн усны дахин ашиглалтыг шинэ технологиор тасралтгүй нэмэгдүүлж, усыг хэмнэлттэй ашиглаж ирсэн. Уул уурхайн компаниуд малчид, орон нутгийн иргэдтэй хамтран шинээр худаг гаргаж, хуучин худгийг сэргээн засварлаж, ундны болон малын усан хангамжийг сайжруулахад бодит хувь нэмэр оруулсаар байна.
Иймд хуулийн төслийг, тэр дундаа 48.6 дахь хэсгийг бүс нутаг бүрийн усны нөөц, гидрогеологийн нөхцөлийн шинжлэх ухааны судалгаа, нөлөөллийн үнэлгээнд үндэслэн дахин боловсруулж, оролцогч талуудаар дахин хэлэлцүүлэх, үүний тулд төрийн байгууллага, салбарын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллийг оролцуулсан хамтарсан ажлын хэсэг байгуулахыг санал болгож байна.
Бид хариуцлагатай уул уурхайн зарчим, стандартыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, салбарын урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр цаашид тууштай ажиллах бөгөөд хуулийн төслийг боловсронгуй болгох хүрээнд холбогдох ажлын хэсэгт оролцож, мэргэжлийн санал, зөвлөмжөөр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад бэлэн байна.
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци
2026.11.18