Оюутолгойгоос иргэн бүрд 857 мянган төгрөгийн ногдол ашиг олгох асуудлаар ажлын хэсгийг байгуулав
1 Өдрийн өмнө
120
Оюутолгойгоос иргэн бүрд 857 мянган төгрөгийн ногдол ашиг олгох асуудлаар ажлын хэсгийг байгуулав

Улсын Их Хурлын Өргөдлийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хурал өчигдөр (2026.11.17) болж, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаарх иргэдийн өргөдлийг хэлэлцэж, “Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай нийтийн өргөдлийг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг байгууллаа. 

Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураалт явуулж, оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дэмжлээ.

Нийтийн өргөдлийн цахим системд иргэн Хоролдоржийн Оюунбилэгээс ирүүлсэн “Оюу толгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх” тухай нийтийн өргөдлийг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлээр ахлуулан, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн, Өргөдлийг байнгын хорооны дарга О.Номинчимэг, УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Бат-Эрдэнэ, С.Замира, Г.Лувсанжамц, А.Ундраа, Г.Уянгахишиг нарын бүрэлдэхүүнтэй байгууллаа.

 Оюу толгойгоос авах 3 их наядын ногдол ашгийг 3.5 сая иргэндээ хуваавал нэг иргэнд 857,000 төгрөг оногдож байгаа юм. Дээрх өргөдлийг 10 хоногийн дотор 100,094 иргэн дэмжсэн. Энэхүү өргөдлийг дэмжигчдийг газар зүйн байршлаар ангилбал 49,785 нь нийслэлээс, бусад нь орон нутгаас болон бусад улс орноос ханджээ. Дэмжиж гарын үсэг зурсан тэдгээр иргэдийн олонх нь буюу 71,931 нь эмэгтэйчүүд ажээ. Дийлэнх хэсэг нь 20-44 насныхан байв.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.