Лондоны үнэт металлын зах зээлийн холбооны ээлжит чуулган энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэхүү чуулганд оролцож буй төлөөлөгчид алтны үнийг ихээхэн өөдрөг төсөөллөө. Тодруулбал, алтны үнэ одоогийн 2661 ам.долларын түвшнээс ойрын 12 сарын хугацаанд унц нь 2941 ам.долларт хүрч, огцом өсөх таамгийг дэвшүүлэв.
АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулсан, дэлхийн геополитикийн хурцадмал байдалд дорвитой нааштай өөрчлөлт гараагүй зэрэг нь алтны үнэ өсөхөд голлох нөлөө үзүүлсэн гэж шинжээчид үзэж буй. Тэрчлэн геополитикийн тодорхойгүй нөхцөл байдал, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, улс орнуудад нүүрлээд буй өндөр инфляц алтны үнэ цэнийг нэг талаар улам дэмжсээр.
Алтны спот үнэ энэ оны байдлаар 29 хувиар өссөн нь сүүлийн 14 жилийн хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байна. Энэ оны есдүгээр сарын 26-ны спот үнэ унц нь 2685.41 ам.доллар болж дээд амжилт тогтоосон билээ.