"Эрдэс боловсруулалт-2024" Олон улсын хурал 7 дахь удаагаа зохион байгуулагдана
Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооноос хоёр жил тутам зохион байгуулж ирсэн “Эрдэс боловсруулалт-2024” олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2024 оны 10 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотноо 7 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Энэ удаагийн "Эрдэс боловсруулалт-2024" олон улсын хуралд уул уурхайн өндөр хөгжсөн Канад, Австрали, АНУ, БНХАУ тэргүүтэй орны судлаач, мэргэжилтнүүд оролцох бөгөөд урьдчилсан байдлаар дотоод, гадаадын нийт 200 гаруй төлөөлөл нэгэн дор чуулахаар байна.
Ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлд хэрэглэгдэж буй шинэ технологиудыг танилцуулах, практикт нэвтэрсэн дэвшилтэт техник технологи, программ хангамжуудыг нутагшуулах боломжийг эрэлхийлэх, харилцан мэдлэг, туршлага солилцох, эрдэс боловсруулалтын салбарын чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмрээ оруулах, технологи нийлүүлэгчид-үйлдвэрлэл эрхлэгчид-судалгаа шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хурлын зорилго оршиж буй.
"Эрдэс боловсруулалт-2024" олон улсын хуралд эрдэс боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, Төр засгийн байгууллагууд, Эрдэмтэн судлаачид, Их дээд сургуулиуд, ханган нийлүүлэгчид, лабораториуд, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын төлөөллүүд оролцож салбарын техник, технологийн шинэчлэл, баяжуулах үйлдвэрүүдийн сайн туршлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, туршилт судалгааны ажлын үр дүн, хууль эрхзүй, татвар зэрэг эрдэс боловсруулалтын салбарын асуудлаа хамтдаа хэлэлцэх юм.
“Эрдэс боловсруулалт-2024” олон улсын хурлын ерөнхий зохион байгуулагчаар Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын холбоо ажиллаж байгаа бөгөөд олон улсын хурал Новотел зочид буудлын Хурлын танхимд зохион байгуулагдах юм.