planetGOLD Монгол төсөл нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Говь-Алтай, Ховд, Сэлэнгэ аймаг болон МБУНДХ-той хамтран “БИЧИЛ УУРХАЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН” зохион байгуулж байгаа билээ. Эхний хоёр зөвлөгөөнийг Ховд болон Говь-Алтай аймагт зохион байгуулж, Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Архангай, Баянхонгор аймгийн холбогдох төрийн байгууллагууд болон бичил уурхайн нөхөрлөлүүд оролцсон. Гурав дахь удаагийн зөвлөгөөн 2023 оны 10-р сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод болох гэж байна.
Зөвлөгөөний хүрээнд алтны бичил уурхайд хариуцлагатай үйл ажиллагааг төлөвшүүлэхэд тулгарч буй бэрхшээл, ололт амжилт, өнөөгийн нөхцөл байдал, албажуулалтын үйл явц, холбогдох эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудлууд болон бичил уурхайчдын амьжиргаа, ажлын байр, эдийн засгийн бололцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл хамтран хэлэлцэх аж.
Зөвлөгөөний үеэр талуудын гаргасан зөвлөмж, цаашид авах шаардлагатай арга хэмжээнүүдийн саналыг холбогдох эрх бүхий байгууллагуудад хүргүүлж, хэрэгжүүлэх юм.
planetGOLD Монгол төсөл нь 2019 оноос эхлэн алтны бичил уурхайн эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн бодлого журам, арга хэрэгслийг боловсруулахад дэмжлэг үзүүлж, төрийн байгууллагын ажилтнууд болон бичил уурхайчдыг чадавхжуулан ажиллаж байна.