Р.Фрийдланд: Уул уурхайн үйлдвэрлэл хурдацтай хөгжих цаг нэгэнт иржээ
2023.10.16
359
Р.Фрийдланд: Уул уурхайн үйлдвэрлэл хурдацтай хөгжих цаг нэгэнт иржээ
Ямар боловч өдгөө бид дэлхийн эрчим хүчний хямралтай тулгарчихаад байна. Дэлхийн өнцөг булан бүрийн улс орнуудад эрчим хүчний хямрал гүнзгийрч, үнэ нь өндөр болов. Үүн дээр геополитикийн хямрал нэмэгдэнэ.

“Монголын Уул уурхайн 7 хоног” чуулганд “Айвэнхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Роберт Фрийдландын тавьсан илтгэлээс онцлох эшлэлийг тоймлон хүргэж байна. 

-Монгол орны Говь цөл нутагт цаашид олон, олон Оюу толгой нээгдэх нь тодорхой юм.

-Оюу толгойн Үйлдвэрлэлийн амыг барьж байгуулах явцдаа бид 68 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн хэсэг өндөг олсон удаатай.

-Хятадуудын шатааж буй тэр бүх нүүрс дэлхийг аажим аажмаар халуун болгосон нь өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Дэлхийн дулаарлын өнөөгийн нөхцөл байдал энэ юм. Дэлхий улам бүр дулаарсаар байгаа нь эргэлзээгүй. Бас дэлхийн дулаарлыг 1.5 хэмд хязгаарлах нь бараг л тэг хувийн магадлалтай боломжгүй зүйл болжээ.

-Сүүлийн 35 жилийн дотор дэлхий даяар 2.3 тэрбум хүн хот суурин руу нүүжээ. Яг л хүмүүс хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод шилжин суурьшдагтай адилхан. Үр дүнд нь Улаанбаатар улам бүр өргөжин тэлсээр буй. Энэ үйл явц дэлхий даяар өрнөж байна.

-Ямар боловч өдгөө бид дэлхийн эрчим хүчний хямралтай тулгарчихаад байна. Дэлхийн өнцөг булан бүрийн улс орнуудад эрчим хүчний хямрал гүнзгийрч, үнэ нь өндөр болов. Үүн дээр геополитикийн хямрал нэмэгдэнэ. 

-Дэлхий дахинд эрчим хүчний сүлжээ өдөр ирэх тусам найдваргүй болж эхэлж байна. АНУ-ын ихэнх хэсэгт цаг агаарын эрс тэс үзэгдлээс үүдэн цахилгаан тасрах эрсдэл нэмэгджээ. 400 сая хүнийг цахилгаанаар хангаж буй эрчим хүчний сүлжээ улам бүр эмзэг болж байна.

-Техасын эрчим хүчний сүлжээ гэхэд л цаг агаар багахан хүйтэрсний улмаас доголдсон удаатай. Америкийн эрчим хүчний сүлжээг хоног тоолон хэвтэж буй өтөл бууралтай адилтгасан ч болох юм. Тус улс бүхэлдээ цахилгаан машины хэрэглээнд шилжихэд манай гараг үл даах их зэс шаардагдах нь лавтай.

-Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаасаа эхлээд өнөөг хүртэл 700 сая тонн зэс олборложээ. Америкийн цахилгаан эрчим хүчний сүлжээнд 150 сая тонн зэс хэрэглэгдэж байна.

-Хүн төрөлхтний олборлосон нийт зэсийн 80 хувь нь хүний гарт байгаа буюу бид өнөөг хүртэл дахин боловсруулан ашигласаар байгаа. Энэ бүхнээс тооцоолоход, дэлхий нийтийн эдийн засгийн өсөлтийг ердөө 3 хувьд хангахын тулд МЭӨ 4000 оноос хойш сүүлийн 10 мянган жилд олборлосонтой тэнцэхүйц зэс буюу 700 сая тонн зэс дараагийн 22 жилд шаардлагатай болж байна. Энэ нь дэлхийн эдийн засгийг цахилгаанжуулахгүйгээр, хуучны явж ирсэн аргаар нь тооцож гаргасан тоо юм. Цахилгаан эрчим хүч гаргаж авахын тулд нүүрс түлдэг, нүүрсустөрөгч шатаадаг үед шаардагдах дүн гэж ойлгож болно.

-Монгол бол дэлхийн хамгийн том зэсийн нөөцийг агуулсан орнуудын нэг. Түүгээр зогсохгүй Говь цөлийн дор зэсийн агуу том ордууд нойрсож буй.

-Уудам дэлгэр газар нутагтайгаа харьцуулахад хүн ам нь дэндүү сийрэг суурьшсан Монгол шиг ганц улсад л асар их баялгийн өв ийнхүү хадгалагдаж байгаа нь  магад Чингис хааны агуу их сүр хүчтэй холбоотой биз. Ямартай ч зэсийн хомсдол нь эрчим хүчний шилжилтийг сааруулж болзошгүй тухай “S&P 500”-аас анхааруулж байна.

-2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийг тэглэхийн тулд бидэнд асар их зэс хэрэгтэй болно. 2035 он буюу бараг л маргааш өглөө гэхэд зэсийн эрэлт одоогийнхоос хамгийн багадаа 82 хувиар нэмэгдэх төлөвтэйг энэ ташрамд дурдъя.

-Би анх танай оронд 1994 онд хөл тавьсан. Энэ бол даруй 29 жилийн өмнөх явдал хэдий ч дөнгөж өчигдөр юм шиг санагдаж байна. Цаг хугацаа ямар хурдан гээч! Магадгүй та миний адил 73 нас хүрэхээрээ “Юу болоод өнгөрөв?” гэхээс өөрийг хэлж чадахгүй биз. Би яг одоо тийм л байдалтай байна.

-Оюу толгойг анх нээсэн тухай нэгэн түүхийг өгүүлье. Баруун өмнөд Оюуг нээхээс өмнө бидний халаас бараг л хоосорсон байв. Энэ зургийг 2001 онд авах үед Дуг Кервин дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байлаа. Бид Оюу толгойг нээн илрүүлснээ 2001 оны есдүгээр сарын 11-нд анх зарласан юм. Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төвийг террористуудын гурван онгоц мөргөсөн өдөртэй давхцаж таарсан хэрэг. Тиймээс манай нээлт энэхүү эмгэнэлт явдалд дарагдаж, Оюу толгойн нээлтийг хэн ч анзааралгүй өнгөрсөн түүхтэй. 2001 оны есдүгээр сарын 11-нд Оюу толгойд анхаарал хандуулах нэг ч хүн байгаагүй юм шүү.

-Өчигдөр би тэнд дахин очлоо. Оюу толгойд шингээсэн асар их хичээл зүтгэл, шинжлэх ухааны ололт амжилт, техник технологи, автоматжуулсан системүүд, компьютерын загварчлал, хүмүүсийн нөр их хөдөлмөрийг харахад итгэмээргүй санагдаж байв. Энэ бол Монголын ард түмний асар том баялаг. Үр хүүхдэд тань, ач зээд тань үнэт өв болж үлдэх зүйл.

-Энэ бол дэлхийн гурав, эсвэл дөрөв дэх том зэсийн уурхай. Зөвхөн зэсийн хэрэгцээг хангахын тулд энэ дэлхийд дахиад ийм 20 уурхай шаардагдана. Гэтэл тийм олон уурхай алга байна. Тиймээс энэ уурхай бол Монголын ард түмэнд үе дамжин өвлөгдөх агуу том өмч хөрөнгө юм. 

-Тэр их баялгийн 1%-ийн мянганы нэгтэй тэнцэх хэсэг нь л нээгдсэн байж магадгүй.

-Эдүгээ говийн хөрсөн доор чухам  юу нуугдаж байгааг олж илрүүлэх шинэ технологиуд аль хэдийн бий болжээ. Их Хюгогийн хойд хүдрийн биет гэхэд л 1200 метрийн гүнд оршдог. Францын нийслэл Парис дахь Эйфелийн цамхаг 323 метр өндөр. Уг цамхгаас дөрөв, тавыг залгаж угсарвал энэ ордын орой хүртэлх газрын гүнд очно гэсэн үг. Тэгэхээр үүн дээр ажилласан хүмүүсийн эрэмгий зориг, хичээл зүтгэлийг зөв үнэлэхээс өөр аргагүй. Энэ бүхэн миний тухай биш гэдгийг давтан хэлэх нь зүйтэй биз. Энэ бол уг уурхайн бүтээн байгуулалтын төлөө сэтгэл зүрхээ зориулсан мянга мянган хүмүүсийн хамтын хичээл зүтгэл юм шүү.

-Олон улсын тавцан дахь Монголын нэр хүндэд тэргүүн зэргийн чухал, дэлхийн эрчим хүчний шилжилт дэх Америкийн үүрэг оролцоонд маш их нөлөөтэй энэхүү агуу уурхайг бүтээн босгохын төлөө Рио Тинто, Монголын ард түмэн, Монголын Засгийн газар өдгөө хамтран ажиллаж байна. Та бүхэн дэлхий дээрх хамгийн гайхамшигтай эрдэс баялгийн өв сангуудын нэгийг эзэмшиж буй агаад энд хуран цугласан эрхэм хүмүүс энэ бүхнээр бахархах бүрэн эрхтэй юм.

-Айвенхоу групп Монголоос гарсны дараа ямар ажлууд хийж буй тухай хуваалцахаар шийдлээ. Энэ хугацаанд Оюу Толгойн төсөл 10 жилээр  саатсан нь харамсалтай. Гаднын хөрөнгө оруулалттай холбоотой дүрэм журмын тухай маргаж мэтгэлцсээр 10 жилийг хий үрэгдсэн. Хэлэлцүүлэгт ийм их цаг зарцуулаагүй бол Оюу толгой 10 жилийн өмнө ашиглалтад орох байв. Ний нуугүй хэлэхэд бид бухимдсан. Тэгээд Африкт очоод өөр нэгийг олсон. Тэнд юу болсон талаар хуваалцъя.

-Олон улсын уул уурхайн салбартай харьцуулж харахад Камоа-Какула бол дэлхийн дулааралд хамгийн бага нөлөөтэй орд гэж хэлсэн ч болно. Оюу Толгой ч бас ойрын ирээдүйд энэхүү ололтод хүрэх боломжтой гэж би үздэг. Манай уурхайн гурав дах үе шатны олборлолт одоо эхэлж байгаа.

-Бид уурхайгаа эрчимжүүлж, дахин өргөтгөж байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийг ашиглалтад оруулж, үйлдвэрлэлээ эхлүүлсэн. 2022 онд 7 сая тонн хүдэр тээрэмдсэнээс зэсийн дундаж агуулга 5.5% байна. Энэ бол дэлхийн хамгийн өндөр агуулгатай томоохон зэсийн уурхайд тооцогдоно. Тэгэхээр Монгол зэсийн агууламжийн хувьд өрсөлдөгчтэй болж буй юм. Энэ онд 400 мянган тонн зэс үйлдвэрлэх зорилт тавьсны зэрэгцээ үйлдвэрлэлээ гурав, дөрөв дэх үе шатны өргөтгөл хийн үргэлжлүүлэх төлөвлөгөө гаргасан. Төслийн өнөөгийн цэвэр үнэ цэн нь 20 тэрбум ам.доллар бөгөөд уурхай гуравдугаар шат 42 жилийн нөөцтэй. Би одоо 73 настай гэхээр уурхайн олборлолт дуустал 110, 120 хүрчихсэн ч байж мэднэ. 2023 оны 3 дугаар сард бид өргөтгөлийн ажлаа дуусгасан бөгөөд өдгөө уурхай маань дажгүй сайн, эрчимтэй ажиллаж байна.

-Манай EBITDA буюу зээлийн хүү, татвар, элэгдэл хорогдол тооцохын өмнөх ашиг ойролцоогоор 1.4 тэрбум ам.доллар болсон. Одоо ч өргөжин тэлсээр буй бөгөөд өнгөрсөн зургаадугаар сард дараагийн шатны өргөтгөлийн хөтөлбөрөө эхлүүллээ. Бид өнгөрсөн долоо хоногийн байдлаар 300 мянган тонн зэс үйлдвэрлэсэн бөгөөд энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ бол есөн сарын дотор гарсан үр дүн юм.

-Одоо жилдээ 650 мянган тонн зэс олборлох гурав дахь шатны өргөтгөлөө эхлүүлж байгаа нь манай гараг дээрх гурав дахь том зэсийн уурхай болох юм. Мөн дэлхийн хамгийн ногоон, хамгийн орчин үеийн зэс хайлуулах үйлдвэрийг барьж байна. Энэхүү Цэврүүт хайлуулах үйлдвэр нь байгаль орчинд ээлтэй төдийгүй  99.7%-ийн цэвэр зэс үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд хэд хэдэн замаар экспортлох юм.

-Сүүлийн үед, Америкийн Засгийн газар манай ажлыг дэмжиж далайд хурдан гаргах үүднээс манай төмөр замын Ловитогийн коридорыг дэмжиж буй. Түүнчлэн бид үйл ажиллагаа явуулж буй тус улсынхаа нийгэм, сайн сайхны төлөөх хөтөлбөрүүдэд 40 сая ам.доллар хандивлаад байна. Мөн Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад 500 сая ам.долларын татвар, нөөц ашигласны төлбөр төлөөд буй бөгөөд цаашид олон тэрбум ам.доллар төлөх болно.

-Дэлхийд томд тооцогдох Камоа Какула, Оюу толгой хоёрын аль алийг “Айвенхоу Майнз” ийнхүү үүсгэсэн юм. Дэлхийн хоёр том зэсийн шинэ уурхай манай группээс төрсөн гэж бахархалтайгаар хэлсэн ч болох юм. Тийм учраас Монгол Улс энэ төрлийн төсөл, хөтөлбөрөө үргэлжлүүлэх учиртайг онцлон хэлье.

-Камоа Какулагийн тухай яриа руу эргэн ороход, уурхай өнөөгийн ханшаар 20 тэрбум ам.доллартой тэнцэх өртэй байгаа. Хэдийгээр бид Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Засгийн газартай орлогынхоо талаас илүү хувийг хуваалцдаг ч жилд 500 мянган тонн зэс хайлуулах маш цэвэрхэн, маш сайн үйлдвэр барьж байна. Энэ нь Африк тив дэх хамгийн том зэс хайлуулах үйлдвэр, дэлхийн хамгийн том зэс хайлуулах үйлдвэрүүдийн нэг болох юм.

-Дэлхийн дараагийн томоохон төрөлжсөн олборлогч бол “Айвенхоу Майнз” гэж ойлгож болно. Энэ бол Оюу Толгойг нээсэн компани. Хэдийгээр Рио Тинто компани 51%-ийг худалдаж авсан ч бид нэрээ авч үлдээд бүхнийг дахин эхлүүлсэн юм. Одоогоор бид Камоа Какулагийн зэсийн уурхайг ийнхүү хөгжүүлж байна.

-Мөн Өмнөд Африкт цагаан алт, палладий, алт, никель, зэсийн томоохон уурхай бүтээн байгуулж байна. Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад цахиурын чипс хийхэд шаардлагатай германи, гели агуулсан цайрын хамгийн баялаг уурхайг бүтээн барьж байна. Тус улсын баруун өмнөд хэсэгт үлэмж том, маш өндөр агуулгатай зэсийн хэд хэдэн уурхай олохоор хайгуул явуулж байна. Тэгэхээр Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс хоёр бол зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч хоёр орон болж хөгжих төлөвтэй байна. Тиймээс та бүхэн хүч чадал, давуу тал дээрээ төвлөрч улмаар энэ эрчээрээ зүтгээрэй.

-Уурхайн бүтээн байгуулахад асар урт хугацаа ордог. Тиймээс Рио Тинто шиг том байгууллагын нийлүүлж буй давуу тал, техникийн чадавхыг үнэлж баршгүй. 1400 метрийн гүнд орж, сансар эрхсийн хэмжээний хүдэр олборлоход маш нарийн технологи хэрэгтэй. Толгой дээрээсээ доош буулгаж олборлох учраас тийм  ч хялбар ажил биш. Шинжлэх ухаан, техник технологи, хичээл зүтгэл асар ихээр шаардагдана. Тэгэхээр нэгэнт үүнийг эхлүүлсэн бол хэдэн үеэрээ амьдралаа холбоно.

-АНУ дахь зэсийн хомсдол 2020 онд 44% байсан. 2035 он гэхэд 67% болно гэж бид үзэж байна. Харин “Айвенхоу Электрик” бол Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй технологийн компани бөгөөд төрөл бүрийн салбарыг цахилгаанаар хангахад уул уурхайн талаас хэрхэн дэмжихтэй холбогдох шийдэл боловсруулах ажилтай. Тэгвэл дэлхийн хамгийн том олборлогч BHP компани томоохон санхүүгийн байгууллагуудын хамт тус компанийн голлох хувьцааг эзэмшдэг. Саяхан Саудын Арабын Засгийн газар “Айвенхоу Электрик”-ийн томоохон хөрөнгө оруулагч болсон.

-Манайх одоо Аризона муж дэх  Санта Круз төсөл дээр ажиллаж байна. Бас Юта мужид ажиллаж байна. “Айвенхоу Электрик”-ийн хайгуулын төслүүд үндсэндээ АНУ-д төвлөрдөг. Бид цахилгаан эрчим хүчний шинэ эдийн засагт шаардлагатай чухал металлын хайгуул хийх замаар АНУ-ын нийлүүлэлтийн сүлжээний бие даасан байдлыг дэмжиж буй юм. Манай компанийн тусгай эзэмшлийн Typhoon технологи гэхэд л Америкийн газар нутгийн гүн дэх нөөцийг илрүүлэх боломжийг олгодог геофизикийн судалгааны хүчирхэг платформ байх жишээтэй. “Айвенхоу Электрик”-т Оюу толгойд ажиллаж, сурч, дадлагажсан монгол геологичид зүтгэдэг.

-Миний хэлэх гэсэн гол санаа бол өдгөө Оюу толгойг урагшлуулж, бүтээн байгуулалтад нь оролцож буй монгол залуус ирээдүйд дэлхийн өнцөг булан бүр дэх уурхайнуудыг хөгжүүлэх чадварлаг мэргэжилтнүүд болох юм. АНУ дахь монгол залуус ч гайхамшигтай сайн ажиллаж буй бөгөөд Саудын Арабт ч тэд мөн адил ажиллах нь эргэлзээгүй. Бид монгол залуусыг Саудын Араб дахь төслүүддээ ч ажиллуулна. Нөхцөл нь Монголынхтой ижил төстэй.

-Чингис хаанаас өвлөж авсан эрдэс баялгийн арвин нөөцтэй дэлхийн хамгийн том газар нутгийн нэгийг ердөө дөрвөн сая хүн эрхшээн сууж байна. Энэ газарт дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг байгаа нь батлагдсан төдийгүй алтны үлэмж их нөөц ч бий. Энд цорын ганц орд байж таарахгүй. Говийн хөрсөн дор илүү олон орд нойрсож буй шүү дээ. Гэхдээ үүнд дэлхий нийтийг татахын тулд хэдэн арван жилийн нөр их хөдөлмөр, тогтвортой нөхцөл байдал шаардлагатай. Хэрэв Монголын ард түмэн тогтвортой нөхцөлийг бүрдүүлж, уул уурхайн салбараа хөгжүүлж чадвал дэлхий ертөнцөд ч ашиг тустай юм. Үүнд эргэлзэх зүйл үгүй.

-Оюу толгойг нээн илрүүлснээс хойших сүүлийн 20 жилийн хугацаанд цооног өрөмдөхгүйгээр дэлхийн гүнийг харах шинэ технологи бий болсон. Эмнэлэгт хүнийг MRI, томографиар үздэг шиг, геофизикийн энэхүү шинэ технологи бол хайгуулын үйл явцыг түргэсгэх боломжтой. Энэ бол намайг тэнгэрт одохоос өмнө ч Монгол Улсыг улам бүр агуу үндэстэн болгож чадах чухал хүчин зүйл юм. Монголын амжилтад би чин сэтгэлийн угаРио Тинто”-д бас талархаж байна.

-Монголын залуу үеийнхэн дэлхийн жишигт нийцсэн өндөр түвшинд техник, технологийн чиглэлээр бэлтгэгдэж, дэлхийн хэмжээнд мэдлэг, туршлагаа экспортлох боломжтой болсонд баяртай байна. Уул уурхайгаа урагшлуулахад томоохон ахиц дэвшил гаргаж буй Монголын Засгийн газарт би талархаж байна.

-Уул уурхайн үйлдвэрлэл хурдацтай хөгжих цаг нэгэнт иржээ.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.