 
						Монголбанкны Мөнгөний бодлогын хороо нь макро зохистой бодлогын асуудлыг тусгайлан хэлэлцсэн анхны хурлаа 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хийлээ. Цаашид макро зохистой бодлогын шийдвэр гаргах хурлыг жилд хоёр удаа зохион байгуулах тогтолцоонд шилжиж байна. Монголбанк нь макро зохистой бодлогын хэрэгслээр дамжуулан санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ.
Энэ удаагийн хурлаар гадаад болон дотоод орчны төлөв, банк, санхүүгийн салбарт үүсч болзошгүй эрсдэлийг харгалзан үзсэний үндсэн дээр макро зохистой бодлогын арга хэрэгслүүдийн хэмжээнд өөрчлөлт оруулаагүй болно.
Системийн эрсдэлийн шинжилгээний үр дүнгээс үзэхэд, банкны салбарын эрсдэл даах чадвар хэвийн байна. Гадаад орчны тодорхой бус байдал өндөр байгаа энэ үед макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах нь чухал байна.
Банкны салбарын зээлийн жилийн өсөлт саарч байгаа боловч харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж байна. Зээлийн өсөлтийн бүтцийг авч үзвэл хэрэглээний зээлийн өсөлт илүүтэйгээр саарч, бизнесийн зээлийн өсөлт өндөр түвшинд хэвээр байна.
Цаашид хэрэглээний зээлийн чанарт анхаарал хандуулах шаардлагатай. Санхүүгийн зах зээлийн цахим шилжилт, санхүүгийн захын хөгжилтэй уялдуулан зээлийн мэдээллийн тогтолцоог сайжруулах чиглэлд ажиллана. Зээл олгогч санхүүгийн байгууллагуудаас зээлийн мэдээлэл цуглуулах, шинэчлэх, мэдээлэл солилцох үйл ажиллагааг сайжруулах нь зээлийн эрсдэлийг хязгаарлах, санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалахад дэмжлэг болно.
Цаашид макро, санхүүгийн орчны төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.
Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО