Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний S&P (Эс энд Пи) агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+ эерэг” байсныг нэг шат ахиулж, 'BB-, тогтвортой” болгон сайжруулснаа өнөөдөр (2025.10.30) зарлалаа. Ингэснээр тус агентлагийн үнэлгээгээр Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн дээд түвшинд хүрлээ.
Монгол Улсын Засгийн газрын сүүлийн таван сарын хугацаанд төсвийн болон өрийн удирдлагын чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ нь S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулахад нөлөөлжээ. Ерөнхий сайд Г.Занданшатар ажлаа авсан даруйдаа 2025 оны төсөвт тодотгол хийж, төсвийн зардлыг 2.2 их наяд төгрөгөөр танаж, төсвийн алдагдлыг бууруулсан. Мөн нүүрсний экспортыг эрчимжүүлж, валютын урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан нь эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалсан байна. Үүний үр дүнд Монгол Улсын эдийн засаг тогтворжиж, гадаад валютын нөөц түүхэн дээд түвшинд хүрсэн юм.
Монгол Улсын Засгийн газар 2025 онд олон улсад зээлжих зэрэглэлийн гурван том агентлагаас эерэг үнэлгээ авч чадлаа. Тухайлбал, Fitch агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+, Тогтвортой” төлөвт хэвээр хадгалсан бол Moody’s агентлаг үнэлгээгээ нэг шат ахиулж “B2, Тогтвортой”-гоос “B1, Тогтвортой” болгон сайжруулсан юм. Тэгвэл S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хоёр жил дараалан ахиулж, өмнөх “B+, эерэг” үнэлгээг “BB-, Тогтвортой” болгон сайжрууллаа.
Олон улсын зээлжих зэрэглэлийн “Их гурвал” гэгддэг эдгээр агентлагаас эерэг үнэлгээ авсан нь Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа оновчтой байгааг харуулсан төдийгүй олон улсын хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газрын макро эдийн засгийн бодлогыг хэрхэн үнэлж буйг илэрхийллээ. Мөн цаашид төсвийн болон өрийн оновчтой энэ бодлогыг тогтвортой үргэлжлүүлж, улс төрийн тогтвортой байдлыг хадгалах нь зүйтэй болохыг ч олон улсын үнэлгээний агентлагууд давхар сануулж байна.
Зээлжих зэрэглэл сайжирснаар Монгол Улсын гадаад санхүүжилтийн өртөг, зээлийн хүүгийн түвшин буурна. Мөн банк, санхүүгийн байгууллагууд болон хувийн хэвшлийн компаниудын зээлжих чадвар сайжрахад түлхэц үзүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл нэмэгдэх зэрэг чухал ач холбогдолтой юм.