Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан эхний өдрийн илтгэлдээ геологи хайгуулын салбарт төрөөс баримтлах бодлогоо зарласан юм. Тэрээр "Ойрын хугацаанд хайгуулын зургаан талбайг зарлахад бэлэн болсон. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг цахимаар, нээлттэй, ил тод хэлбэрээр зохион байгуулна. Цаашид ашигт малтмалын хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлж, нөөцийг нэмэгдүүлэх чиглэл баримтална" гэлээ.
Монгол Улсын хэмжээнд зэсийн 56.5 сая тн, нүүрсний 36.6 тэрбум тн, төмрийн 1.8 тэрбум тн батлагдсан нөөц бүртгэгдээд байна. Ашигт малтмалын хайгуулын 1001, ашиглалтын 1728 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Үүнээс ашиглалтын тусгай зөвшөөрөл нийт газар нутгийн 1.2 хувийг эзэлж байгаа боловч экспортын орлогын 94%-ийг бүрдүүлж байна.