Mining week арга хэмжээнд АҮЭБ-ийн сайд Ц.Тувааны хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна
2024.10.02
284
Mining week арга хэмжээнд АҮЭБ-ийн сайд Ц.Тувааны хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна
Mining week&MinePro арга хэмжээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна
 
Эрдэс баялгийн салбарын ил тод, нээлттэй байдлыг хангах, олон талт оролцоог дэмжих зорилготой “Уул уурхайн 7 хоног-2024” чуулга уулзалт байгалийн үзэсгэлэнт Тайж хайрхан уулын бэлд зохион байгуулагдаж байна. Өнөөдөр бид энд:
➢ Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар ямар түвшинд байгааг;
➢ Ойрын ирээдүйд хэрхэн хөгжих талаар;
➢ Төрөөс энэ салбарт ямар бодлого баримтлан Та бүхнийгээ дэмжин ажиллах талаар;
➢ Цаашид манай салбар Улс орондоо ямар өөрчлөлт, ахиц дэвшлийг авчирч болох талаар хамтран ярилцаж, шийдэл хайж, бие биетэйгээ холбоо тогтоосон өдрүүд болно гэж найдаж байна.
 
Та бүхэндээ СОРИЛТООС-БОЛОМЖ-д шилжих, түүнийг ашиглах талаар ярилцья.
 
“Уул уурхайн 7 хоног 2024” арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн чуулга уулзалт эдийн засгийн интеграцчлалыг бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдэж, олон улсын үзэсгэлэнтэй хамтран цар хүрээгээ өргөжүүлж байна.
“Майнинг Про 2024” үзэсгэлэнд салбарын ханган нийлүүлэгч, аж ахуйн нэгжүүд, төсөл хэрэгжүүлэгчид, хөрөнгө оруулагчид, зөвлөхүүд, технологийн болон бусад үйлчилгээ үзүүлэгч компаниуд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна.
 
Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар нь өнөөдрийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувь, төсвийн орлогын 37 хувь, экспортын орлогын 94 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 82 хувь, аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 72 хувийг дангаар бүрдүүлж байна.
Ойрын ирээдүйд манай улс аж үйлдвэржсэн олон тулгуурт эдийн засагтай, нэг салбараас хараат бус улс болохыг зорин ажиллаж байна.
 
Төрөөс “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд манай улс өөрийн онцлог, түүхий эдийн нөөц боломжид нийцүүлэн ашигт малтмалын боловсруулалтын түвшинг ахиулах, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингээж, аж үйлдвэржилтыг хөгжүүлэхээр 13 томоохон арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
 
Миний бие Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар томилогдсноос хойш 12 долоо хоногийн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Ачит Ихт” ХХК, “Цемент шохой” ТӨХК, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Шарын гол” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Оюу толгой” ХХК, “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс” ХХК, “Газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК, “Алтанширээт” үйлдвэрлэл, технологийн парк, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК, “Петро Матад” ХХК, “Степп голд” ХХК, “Занаду майнинг”, “Мон Цемент” ХХК, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Сэлэнгэ, Булган аймгийн Бичил уурхай эрхлэгчдийн төлөөлөл зэрэг уул уурхай, аж үйлдвэрийн төслүүдийн бүтээн байгуулалттай танилцаж 10,000 орчим километр явсан байна.
 
Энэхүү хугацаанд “Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж, Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой импортлох боломж бүрдсэн.
“Ачит-Ихт” ХХК-ийн байгальд орчинд үзүүлэх хохирлоос урьдчилан сэргийлж үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Мөн “Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн газрын тосны ашиглалтын үйл ажиллагааг хэвийн горимд оруулснаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн ажиллах боломжийг бүрдүүлээд байна.
“Оюу толгой” ХХК, “Онтре голд” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг үйлдвэрүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, улмаар бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр шуурхай зохион байгуулан ажиллаж байна.
 
Давааны цаана даваа байсаар байна. Бид хамтдаа даван туулах болно.
 
Улс орон бүр өөрийн бүс нутгийн онцлог, ажиллах хүчний нөөц, аж үйлдвэржилтийн талаарх төрийн бодлого зохицуулалт, эдийн засаг, санхүүгийн тогтолцоондоо тулгуурлан аж үйлдвэржилтийг хөгжүүлж ирсэн байдаг.
 
Монгол Улсын хувьд аж үйлдвэржилтийн өөрийн гэсэн арвин түүхтэй. Анх 1926 онд “Төмөр, модны завод”-ыг байгуулах шийдвэр гарснаар аж үйлдвэрийн суурь тавигдсан гэж үздэг. Энэ үеэс 1990 он хүртэл буюу зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих хүртэл аж үйлдвэржилт тодорхой түвшинд хүрч хөгжсөн.
 
Монгол орны нутаг дэвсгэрийн агаарын геофизикийн цахилгаан соронзон судалгааг 50%-д, 1:50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил 47 хувийг 51%-д хүргэхээр зорин ажиллаж байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг цахимаар, нээлттэй, ил тод хэлбэрээр зохион байгуулна.
 
Монгол Улсын хэмжээнд зэсийн 56.5 сая тн, нүүрсний 36.6 тэрбум тн, төмрийн 1.8 тэрбум тн батлагдсан нөөц бүртгэгдээд байна. Ашигт малтмалын хайгуулын 1001, ашиглалтын 1728 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Үүнээс ашиглалтын тусгай зөвшөөрөл нийт газар нутгийн 1.2 хувийг эзэлж байгаа боловч экспортын орлогын 94%-ийг бүрдүүлж байна.
Цаашид ашигт малтмалын хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлж, нөөцийг нэмэгдүүлэх чиглэл баримтална.
 
Манай улсын эдийн засгийн бүтэц нь эрдэс түүхий эдийн экспортод суурилсан, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, ашигт малтмалын экспортын орлогоос хэт хамааралтай байгаа нь улс орны ирээдүйн хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байна.
Дэлхий нийтээр өндөр технологи, сэргээгдэх эрчим хүч түлхүү хөгжиж, газрын ховор элемент, чухал ашигт малтмал зэрэг эрдсийн түүхий эдийн ашиглалт, эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа өнөө үед энэхүү чиг хандлагад нийцсэн төрийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.
 
Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасны 6 төсөл нь аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт хэрэгжих төслүүд байна.
Төр, хувийн хэвшлийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай, Төсвийн тухай, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай зэрэг хуульд зааснаар дараах дэмжлэгийг хөрөнгө оруулагч болон хувийн хэвшилд үзүүлдэг. Үүнд:
  • Хөрөнгө оруулалтын тогтворжуулалтын гэрчилгээ, чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн паркт үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлж, Засгийн газраас баталгаа гаргах;
  • Газар ашиглах эрх олгох, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх;
  • Ажилчдыг сургаж, дадлагажуулах зорилгоор гадаадын иргэнийг ажлын байраар хангах, орлого бүхий ажил, үйлчилгээ үзүүлсэн бол ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх зэрэг хөнгөлөлтүүд байна.
Манай орны уул уурхайн аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа дээшлүүлэх, тэдгээрийн тогтвортой хөгжлийн хангах зорилгоор аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны дэмжлэгтэйгээр Монголын Уул уурхайн үндэсний ассоциац “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-ийг хэрэгжүүлж байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг уул уурхайн компаниуд манлайлан дэмжиж, нийт 680 гаруй сая мод тарьж ургуулах амлалт авч, хэрэгжүүлж байна.
 
Өмнөх жилүүдэд зохион байгуулагдсан чуулга уулзалтаар манай орны уул уурхайн салбарт тулгамдаж байсан зарим асуудлуудыг хэлэлцэж тодорхой үр дүнд хүрсэн байна.
Тухайлбал, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг батлуулж, мөрдөж эхэлсэн.
Ингэснээр 2021 онтой харьцуулахад улсын төсвийн орлого, голлох ашигт малтмалын /нүүрс, зэс, төмөр, жонш г.м./ экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ тодорхой хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Мөн уран, чухал ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр гадны хөрөнгө оруулагч нартай хамтын ажиллагааг амжилттай эхлүүлээд байна.
 
Энэ удаагийн “Уул уурхайн 7 хоног 2024” чуулга уулзалт нь “Майнинг Про 2024” үзэсгэлэнг хамт зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна. Чуулганы үеэр танилцуулагдах дэлхийн хөгжлийн орчин цагийн чиг хандлага, дэвшилтэт техник, технологи, тоног төхөөрөмж, эрчим хүчний ногоон шилжилт, чухал ашигт малтмалын эрэлт, хэрэгцээ болон манай улсын аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлэх шинэ төсөл, арга хэмжээ нь Та бүхний сонирхолыг татна гэдэгт итгэлтэй байна.
 
Чуулганаар салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, төрөөс баримтлах бодлого, шийдвэрт иргэд, олон нийтийн оролцоо, салбар хоорондын уялдааг хангах, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, хууль эрх зүйн орчныг тогтвортой байлгах тал дээр анхааран ажиллана. Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд:
  • Геологийн судалгаа, эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлж, шинэ орд газруудыг нээн, газрын хэвлийн нэгдсэн геомэдээллийн санг бүрдүүлнэ, ашигт малтмалын нөөцийг арвижуулна.
  • Уул уурхайн шинэ төслүүдийг эхлүүлж, ордын нөөцийг сорчлохгүй ашиглах, уурхайн өргөтгөл, шинэчлэлт, боловсруулалтын шилдэг туршлага, уул уурхайн цахим шийдэл, хаалтын иж бүрэн менежментийг хэрэгжүүлнэ.
  • Аж үйлдвэржилтийг эрчимжүүлж, түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах хүнд үйлдвэрүүдийг төр, хувийн хэвшил, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, нэг тулгуурт эдийн засгаас олон тулгуурт эдийн засагтай орон болохыг зорьж байна.
  • Эрдэс бүтээгдэхүүнийг биржээр арилжаалан, тусгай зөвшөөрөл олголтыг олон нийтэд ил тод, нээлттэй болгоно.
Энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож буй геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийнхэн болон хөрөнгө оруулагчид, банк санхүү, даатгал, хөрөнгийн зах зээл, худалдаа, үйлчилгээний гэх мэт Төрийн болон Төрийн бус байгууллагууддаа, нийт үзэсгэлэнд оролцогчиддоо Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, салбараа төлөөлөн талархал илэрхийлье.
Энэ нүсэр бүтээн байгуулалтыг хийж, бид бүхэнтэй нягт хамтран ажиллаж байгаа зохион байгуулагч Монголын Уул уурхайн үндэсний ассиоцацийн хамт олондоо баярлалаа.
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.