Д.Амарбаясгалан: Уул уурхай, эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчны хоцрогдол, ойлгомжгүй байдлыг шинэчилнэ
Уул уурхайн салбарын өнөө болон ирээдүйн хөгжлийг хэлэлцэх, салбарын оролцогч талуудыг холбох, ханган нийлүүлэлтийн сүлжээг өргөтгөх "Mining week&Minepro-2024" олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн өнөөдөр эхэллээ. Гурав дахь удаагийн “Уул уурхайн 7 хоног” арга хэмжээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан оролцож "Шинээр бүрэлдсэн парламент хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 54 ажлын хэсэг байгуулсан. Үүнд ашигт малтмал, эрчим хүчний хуулийг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсэг багтаад байна. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль ёсны эрхийг баталгаажуулсан заалтын хэрэгжилт хангалтгүй, шүүхийн шийдвэр бүрэн биелэгдэхгүй байгаа нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад эрсдэл учруулж байна. Тиймээс УИХ хуулийн биелэлтийг хянан шалгах чиг үүргийнхээ хувьд анхаарч ажиллана. Улс орны эдийн засгийг хөдөлгөгч гол хүч болсон уул уурхай, эрчим хүчний салбарын хуулиудад ийнхүү шинэчлэл хийж, оролцогчдын эрх ашгийг тэнцвэртэй хангахад төр бүх түвшинд онцгой анхаарах учиртай" хэмээн байр сууриа илэрхийллээ.
"Уул уурхайн 7 хоног" арга хэмжээ Налайх дүүргийн нутаг дэвсгэр Тайж хайрхны бэлд энэ сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ.