Геологи хайгуулын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэнэ
2023.10.10
313
Геологи хайгуулын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэнэ
Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх олгох харилцааг хялбаршуулах, ил тод, хүртээмжтэй болгох нь нэн чухал гэдгийг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар онцлоод, “Төр-Хувийн хэвшлийн түншлэл”-ийн зарчмыг өргөжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна гэлээ.

Эрдэс баялгийн салбарын өнөөгийн хөгжлийг хурдасгах, шинэ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх “Уул уурхайн 7 хоног” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 
Өнөөдрийн хуралдааны үндсэн илтгэлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Эрдэс баялгийн салбар дахь төрийн бодлого” сэдвээр хэлэлцүүллээ.

Монгол Улсад геологийн судалгааны 10 чиглэлээр 70 гаруй төсөл хэрэгжиж байгаа бөгөөд УУХҮЯ-ны зүгээс тусгай зөвшөөрөл олголтыг нэмэгдүүлэх, геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх, энэ салбарт хөрөнгө оруулалт татах хүсэл, сонирхол өндөр байгааг салбарын сайд хөрөнгө оруулагчдад илэрхийллээ.

387750036_913703103452219_2037826144025004744_n 

Улс орныг урт хугацаанд эрдэс баялгийн найдвартай нөөцөөр хангах, эдийн засгийн хөгжлийг дэмжих хэрэгцээ, шаардлага жил ирэх тусам нэмэгдэж буй. Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх олгох харилцааг хялбаршуулах, ил тод, хүртээмжтэй болгох нь нэн чухал гэдгийг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар онцлоод, “Төр-Хувийн хэвшлийн түншлэл”-ийн зарчмыг өргөжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна гэлээ. 

Энэ хүрээнд гадаад, дотоодын аж ахуй нэгжүүдтэй хамтран геологи, уул уурхайн төсөл хөтөлбөрийг илүү амжилттай хэрэгжүүлэх, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улмаар Оюу толгой, Тавантолгой, Эрдэнэтийн хэмжээний олон, олон орд олох боломж бүрдэнэ гэдгийг тодотгов. 

Манай улс нийт газар нутгийнхаа 45 хувьд геологийн суурь судалгаа хийсэн. Цаашид геологийн суурь судалгааг эрчимжүүлэх, олон улсын технологийн ололт, шийдлийг нэвтрүүлэхэд бодлогын хувьд анхаарч байгааг Ж.Ганбаатар сайд илтгэлдээ онцоллоо. 

Газрын тосны чиглэлээр 34 талбай ялгасан. Энэ талбайд хөрөнгө оруулахад нээлттэй гэдгийг мөн хэллээ. Хайгуулын тусгай зөвшөөрөл 2010 оноос хойш тогтворжихгүй, салбарын хөгжлийг ихээхэн хойш  чангаасан. Тэгвэл 2022 оны 11 дүгээр сараас эхлэн тусгай зөвшөөрлийг тогтмол олгож, 171 удаа тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Цаашид энэ тоог нэмэгдүүлэх, өргөдлөөр болон сонгон шалгаруулалтаар олгох нь. Үүнтэй холбогдуулан тухайлсан журмыг гаргах юм. Дэлхийн аль ч улсаас цахимаар оролцох бүрэн боломжтойг УУХҮ-ийн сайд онцоллоо. 

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалт болон өргөдөл буюу дуудлага худалдаагаар олгохоор тусгаад байна.

Аж үйлдвэржилт ахисаар. Дорноговь аймагт Алтанширээт, Гэрэлт говь үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. 

Алтанширээт ҮТП 2024 оноос ширэм гаргах бол Гэрэлт говь ҮТП коксжсон нүүрсийг кокс болгон экспортлох юм. Монгол Улс олборлолтоос боловсруулалт руу шилжиж байна. Уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулах, нэмүү өртөг шингээх зорилгоор Аж үйлдвэрийн үндэсний хороог байгуулсан. Тус хороо нь гурван дэд хороотой. Зэс хайлуулах үйлдвэрт хөрөнгө оруулахыг салбарын сайд уриалсан юм. Зэс, нүүрсний гүн боловсруулалт, Хар төмөрлөгийн үйлдвэрлэлд төрийн бодлого чиглэж, хөрөнгө оруулагчдыг эдгээр төслүүдэд урьж байна.  

Монгол Улс ирэх онд нийт газар нутгийнхаа 25 хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх геологийн дататай болно, олон улсын тендер зарлана. Газрын ховор металлын судалгааны төвийн үйл ажиллагаа эхэлнэ. Уул уурхайн биржээр нүүрс, жонш, төмрийн хүдрээс гадна зэсээ арилжаална. Тусгай зөвшөөрөл олголтыг эрчимжүүлнэ. Хүнд үйлдвэрийн хуулийн төслийг УИХ-д өргөн барих, улмаар аж үйлдвэржилтийн эхлэл цэг болсон эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг Ж.Ганбаатар сайд онцоллоо. Энэ оны хувьд нүүрсний экспорт 60 сая тоннд хүрэхээр байна. 

Зэс металлын хаан. Тус металлын эрэлт хэрэгцээ цаашид ч өсөн нэмэгдэх нь.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, түүнийг хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-д нүүрсээ угааж, зэсээ хайлуулан, газрын тос, төмрийн хүдрээ боловсруулах, улмаар байгалийн баялагтаа нэмүү өртөг шингээх, аж үйлдвэрийн гинжин хэлхээг бий болгох тухай тусгасан. Үүнийг бодит ажил болгоход төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт түүхэн үүрэгтэй. Тэгвэл геологийн салбарт хөрөнгө оруулагчдын итгэл эргэн сэргэж, шинэ уул уурхайг цогцлоох эрдэс минерал, энэ чиглэлийн төслүүдэд хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг УУХҮ-ийн сайд дуулгасан юм.

Дэлхий дахинд эрэлт хэрэгцээ нь өдөр тутам өсөн нэмэгдэж буй өндөр технологийн түүхий эдийн чиглэлээр ч геологийн судалгаа, эрлийн ажлууд Монгол Улсад эрчимтэй хийгдэж байгааг “Mining Week” арга хэмжээний хоймроос хөрөнгө оруулагчид сонслоо. Төрөөс баримтлах эрдэс баялгийн салбарын бодлого геологи хайгуулыг дэмжиж, төр хувийн хэвшилтэй өрсөлдөх бус хамтрах, түншлэх зарчмаар “тоглоомын дүрэм”-ээ тодорхойлоод байна.

Монгол орны хэмжээнд хийгдсэн геологийн суурь судалгаа, төлөвлөлтийн талаар УУХҮ-ийн сайдын зөвлөх Б.Уянга чуулганы оролцогчдод танилцууллаа. Геологийн суурь мэдээллийн хүртээмжийг манайх цахимжуулсан. Монголд алт, зэсийн хэтийн төлөвтэй талбай олон байна. Эдгээрийг сайтар судалж, эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал Монгол Улс дэлхийн зах зээл дээр эрдэс металлын хүчтэй тоглогч болох боломж хол биш, ойр байна. 

Геологийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх тусам шинэ ордууд илрэх магадлал их. Тиймээс УУҮЯ геологи хайгуулын салбарт улам далайцтай бодлого хэрэгжүүлж, хууль эрх зүйн орчны шинэчлэл, өөрчлөлтөөр хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлнэ гэдгээ энэ үеэр зарлалаа.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.