Стратегийн 39 ордыг цувралаар бид танилцуулж байна. Тав дахь нь Төгрөг нуурын хүрэн нүүрсний орд. Тус орд нь Төв аймгийн Баян сумын нутагт оршдог бөгөөд Улаанбаатар хотоос 130 км зайтай. Төгрөг нуурын нүүрсний бүлэг орд нь Чойр-Нялгын сав газарт хамаардаг. Энэхүү сав газар нь доод цэрдийн настай хүрэн нүүрс бүхий давхарга эзэлдэг.
Ордын талбай хэмжээ 20-30 км гэсэн тооцоолол бий. Төгрөг нуурын хүрэн нүүрсний нөөц нь урьдчилсан таамгаар 3 тэрбум тонн. Эрчим хүчний нүүрсний нөөцийг илүү нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үздэг.
Төгрөгийн нуурын бүлэг ордыг 10 гаруй компани лиценз эзэмшдэг бөгөөд эдгээрийн нөөц болон үйл ажиллагаа харилцан адилгүй. Үүнээс "Төгрөг нуур энержи" ХХК өөрийн хөрөнгөөр эзэмшил бүхий лицензийн талбайдаа /Тахилт/ хайгуул хийж, 68 сая тонн нүүрсний нөөц тогтоосон. Тус компани нь Төгрөгийн нуурын ордод хэд хэдэн лиценз эзэмшдэг гэж бүртгэгдсэн байна.
Төгрөг нуурын бүлэг ордод 1983 онд улсаас урьдчилсан хайгуул хийсэн.
Төгрөг нуур 1 талбайд "Төгрөг нуур девелопмент" ХХК, Төгрөг, Төгрөг нуур талбайд "Төгрөг тал" ХХК, Тахилт-1 болон Тахилтын нүүрсний орд, Тахилт-2 талбайд "Төгрөг нуур энержи" ХХК, Цэцэнс холдинг болон Коммонмакс, Монроспром уголь зэрэг компани бусад талбайд нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөл тус тус эзэмшиж байна.