Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Р.Буанганыг хүлээн авч уулзлаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Р.Буанганыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, ТЗУГ-ын дарга Ц.Батцайз, ГХХАХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Р.Буанган, Элчин сайдын яамны Эдийн засгийн хэлтсийн дарга Абел Ломакс нар оролцож, хоёр улс хоорондын хамтын ажиллагааны түншлэл, уул уурхайн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцов.
АНУ-ын элчин сайд Р.Буанган, Өнгөрсөн долоо хоногт Монгол, АНУ хоорондын иж бүрэн түншлэлийн харилцааг бий болгосныг уулзалтын эхэнд тэмдэглэж, эрдэс баялгийн салбарт чухал ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт дээр хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлэв.
Түүнчлэн хоёр улс хоорондын эрчим хүчний яриа хэлэлцээрийг зохион байгуулахаар төлөвлөж буй бөгөөд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны үндсэн арга хэмжээ болох Уул уурхайн долоо хоног “Mining Week 2024” арга хэмжээнд оролцохоо илэрхийлэв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Эрдэс баялгийн салбарын хөгжил, хөдөлмөрийн хамтын ажиллагааны тухай санамж бичгүүдийг цааш үргэлжлүүлэн ажиллахаа онцлоод, аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт гаднын хөрөнгө оруулагчдыг дахин татах хууль эрх зүйн орчныг тогтвортой байлгах, боловсронгуй болгох асуудал дээр нээлттэй хамтарч ажиллах, санал солилцоход бэлэн буйгаа илэрхийлэв.
Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд геологи хайгуулын салбараа орхигдуулсан тул алдагдсан цаг хугацаагаа орчин үеийн дэвшилтэт технологиор нөхөх бодлого баримталж буй бөгөөд энэ салбарт АНУ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлэв.
Элчин сайд Р.Буанган Гадаадын хөрөнгө оруулалт татах асуудлаар хамтран ажиллах, эрчим хүчний засаглалын хөтөлбөр, хайгуулын төслүүдийг хэрэгжүүлэх, жишиг төсөл болгох асуудлаар хамтран ажиллана гэв. Талууд цаашдаа олон талт яриа хэлэлцээрүүдийг хийж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болов.