Төмрийн хүдрийн үнэ сэргэж эхэллээ
2024.09.26
189
Төмрийн хүдрийн үнэ сэргэж эхэллээ

БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт гангийн үйлдвэрлэлд нөлөөлж, төмрийн хүдрийн үнэ ялимгүй уруудсан. Хэдий зах зээлийн идэвх суларсан ч төмрийн хүдрийн үнэ эргэн сэргэж эхэллээ. Тодруулбал, Хятадын Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн үнэ 4.64 хувиар өсөж, нэг тонн нь 699 юань буюу 99.38 ам.доллар болов. Энэ нь 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрөөс хойших хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байна.

"Хятадын гангийн үйлдвэрлэл эрчимжих хүлээлттэй байна. Дотоодын гангийн үйлдвэрлэл нэмэгдэж, түүхий эдийн эрэлт тогтвортой байгаа тул төмрийн хүдрийн зах зээлийн суурь үзүүлэлтүүд сайжирсан" гэж Mysteel тодотгожээ. Эцсийн хэрэглээ сэргэж, гангийн борлуулалт идэвхжсэн нь төмрийн хүдрийн үнэ өсөх суурь нөхцөлийг бүрдүүлсэн байна. 

Монгол Улс 2024 оны эхний 8 сард нийт 4.85 сая тонн төмрийн хүдэр экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 34.4 хувиар өсжээ. Экспортын орлого жилийн дүнгээр 399 сая ам.долларт хүрсэн байна. Манай улсын экспортолсон төмрийн хүдрийн дундаж үнэ тонн тутамдаа 85 ам.доллар байлаа. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.