Алтны үнэ 2024 он гарсаар 2589 ам.доллар болж, бүх цаг үеийн бүх цаг үеийн дээд цэгтээ хүрлээ. Энэ оны турш шинэчлэгдсээр байсан алтны үнэ АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүг бууруулна гэсэн хүлээлт, хөрөнгө оруулагчдын алт руу зорих хандлагаас шалтгаалан ийнхүү шинэ үнэ тогтоов. 2024 оны турш өсөлт үзүүлж буй алт зах зээлд байр сууриа улам бэхжүүлсээр байна.
Эргэн сануулахад, алтны үнэ энэ оны гуравдугаар сарын 20-нд 2200 ам.доллар давсан. Үүнээс хойш өсөлтийн буухиа тасраагүй. 2023 онд алтны үнэ мөн л өсөлттэй байж, 16 орчим хувиар өссөн төдийгүй энэ онд ч эрчээ алдахгүй, түүхэн ханшаар үргэлжилж байна. Алтны ханш сүүлийн арван жилд жилд дунджаар 8.4 хувиар өсөлттэй байж ирлээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, тус улсын Холбооны нөөцийн банкны бодлогын хүүгээ үе шаттай бууруулна гэсэн урьдчилсан мэдэгдэл, олон улсын геополотикийн нөхцөл байдал, ОХУ, Украины хооронд удаан хугацааны турш үргэлжлэх дайны уур амьсгал алтны үнийг шууд болон шууд бусаар "дэмжсээр".
Дэлхийн нэр хүнд бүхий зарим санхүүгийн байгууллага, шинжээчид дор бүрнээ алтны үнийн төсөөллөө өнөө шинэчилж, ахиулж байна. “Goldman Sachs” алтны үнийг 2700 ам.доллар болгон нэмэгдүүлсэн бол Citigroup 3000 ам.доллар давна гэсэн өөдрөг төсөөлөл танилцуулсан нь бий.