“Mongolia Mining 2024” Олон улсын уул уурхайн үзэсгэлэн 13 дахь жилдээ 10 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгээр дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг. Одоогийн байдлаар үзэсгэлэнд 10 гаруй орны 250 орчим аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлж, өөрийн үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөж байна.
"Mongolia Mining 2024" үзэсгэлэн нь салбарын техник, технологийн гол арга хэмжээ төдийгүй Монголын уул уурхайн салбарын шилдэг ханган нийлүүлэгчид, олон улсын компаниуд бүтээгдэхүүнээ танилцуулдаг бизнесийн хамтын ажиллагааны талбар болж ирсэн. Үзэсгэлэн гаргагчдын дотор геофизикийн хайгуул судалгааны компаниуд, уул уурхайн техник технологи, ханган нийлүүлэгчид, бутлуурын үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин механизм нийлүүлэгчид, тос тосолгооны материал, цахилгаан үүсгүүр, уул уурхайн кабель, гэрэлтүүлгийн систем гэх мэт төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, харилцаа холбоо, ложистик болон нөхөн сэргээлтийн үйлчилгээ эрхлэгчид оролцож бүтээгдэхүүнээ сурталчлахаар байна.
Мөн үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болоод бусад зочдод Монголын эрдэс баялгийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар дахь тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн хэлэлцүүлэг явуулахын зэрэгцээ тус салбарын компаниудын илтгэл тавигддаг. Жилээс жилд өргөжин тэлж буй Mongolia Mining үзэсгэлэнд уул уурхай төдийгүй зам, барилгын салбарынхан ч оролцож, харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бизнесээ тэлэх хамгийн чухал гарц юм.