Өндөр даралтын нунтаглалт HРRG технологийг Монголд анх удаа Эрдэнэт үйлдвэр нэвтрүүлнэ
Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын шинэчлэлийн ТЭЗҮ, зураг төслийн үндсэн гүйцэтгэгчээр “Соёолон Интернэшнл” ХХК, түүний туслан гүйцэтгэгчээр үндэсний 12 компани, аж ахуйн нэгж ажилласан байна.
Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй томоохон ажлуудын нэг болох Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын шинэчлэлд өндөр даралтын нунтаглалт HРRG технологийг Монголд анх удаа нэвтрүүлэхээр Эрдэнэт үйлдвэр “Соёолон Интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэсэн ТЭЗҮ, зураг төслийг өнөөдөр хүлээн авлаа.
Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын шинэчлэлийн ТЭЗҮ, зураг төслийн үндсэн гүйцэтгэгчээр “Соёолон Интернэшнл” ХХК, түүний туслан гүйцэтгэгчээр үндэсний 12 компани, аж ахуйн нэгж ажилласан байна. 2023 оны нэгдүгээр сараас хойш нэг жил найман сарын хугацаанд чиглэл бүрийн шилдэг компаниуд ТЭЗҮ боловсруулах, нарийвчилсан зураг, төсөл гаргах, байгаль орчны үнэлгээ хийх, инженер геологийн олон төрлийн ажлыг богино хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд амжилттай гүйцэтгэснийг Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон энэ үеэр онцолсон.
Харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, “Эрдэнэт үйлдвэр түүхэн шинэчлэлийн хоёр дахь үеийг ийнхүү эхлүүллээ” гэсэн бол Монгол Улсын Хүндэт баяжуулагч, Зөвлөх инженер Д.Даваацэрэн “Эрдэнэт үйлдвэрийн хүдэр бэлтгэлийн түүхэнд хувьсгал хийнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа”-гаа илэрхийлсэн юм. Өмнө нь том төслийн ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэгчээр ихэвчлэн гаднынхан ажилладаг байсан бол энэ удаа Монгол инженер техникийн ажилтнууд дэлхийн үйлдвэрлэгч том брэндүүдтэй хамтран Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын шинэчлэлийн төслийн ажлын ард гарлаа.
Баяжуулах үйлдвэрийн Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын шинэчлэлийн хүрээнд анхан шатны бутлуур, дөрөвдүгээр шатны бутлалтын хэсэгт өндөр даралтын булт нунтаглалт болох HPGR технологи нэвтрүүлснээр бүтээмж буурахгүйгээр технологийн үзүүлэлтүүд илүү сайжрах, өртөг зардал буурах чухал ач холбогдолтой юм.