Дарханы төмөрлөгийн үйлдвэр оны эхний хагаст төлөвлөгөөгөө давуулж, гүйцэтгэлээр тэргүүллээ
2024.08.27
903
Дарханы төмөрлөгийн үйлдвэр оны эхний хагаст төлөвлөгөөгөө давуулж, гүйцэтгэлээр тэргүүллээ

"Эрдэнэс Монгол" нэгдлийн охин болон хараат компаниуд оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүнгээ хэлэлцлээ. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал болон "Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар тус зөвлөгөөнд үндсэн илтгэлийг хэлэлцүүлж, компаниуд өөрсдийн тайлан мэдээллээ танилцуулсан юм. "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж дараах мэдээллийг өглөө. 

30 гаруй жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" оны эхний хагас жилд толгой компанийн ТУЗ-өөс баталсан зорилтот төлөвлөгөөг бүрэн хангаж ажилласан байна. Тодруулбал, тайлант хугацаанд гангийн үйлдвэрлэл нь 110%-ийн биелэлттэй, уул уурхайн үйлдвэрлэлд, хөрс хуулалт 85%, хүдэр олборлолт 100%, хүдэр боловсруулалт 99%, баяжмал үйлдвэрлэлт 112%-ийн биелэлттэй ажиллажээ.

Төмрийн хүдэр олборлолтын тухайд 2 уурхай нийтдээ 2024 онд 2.4 сая тонн хүдэр олборлохоор төлөвлөснөөс эхний хагас жилд 1.2 сая тонныг төлөвлөж, гүйцэтгэлээр 1.2 сая тонн хүдэр олборлож, 100%-ийн гүйцэтгэлтэй ажилласан байна. Баяжмал үйлдвэрлэлийн хувьд 2024 онд нийтдээ 2.0 сая тонн баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөснөөс эхний хагас жилд 1.0 сая тонныг үйлдвэрлэхээр төлөвлөж, гүйцэтгэлээр 1.1 сая тонныг үйлдвэрлэж 112%-ийн биелэлттэй ажиллажээ. 

darkhan_202424 

Гангийн үйлдвэрийн хувьд 2024 онд 28.5 мянган тонн хаягдал төмөр боловсруулахаар төлөвлөснөөс эхний хагас жилд 13.7 мянган тонныг төлөвлөж, гүйцэтгэлээр 17.3 мянган тонн хаягдал төмөр боловсруулж, 126%-ийн гүйцэтгэлтэй байна.

Бэлдэц үйлдвэрлэлийн хувьд 2024 онд 35.4 мянган тонн байхаар төлөвлөснөөс эхний хагас жилд 19.4 мянган тонныг төлөвлөж, гүйцэтгэлээр 21.5 мянган тонн бэлдэц үйлдвэрлэж, 111%-ийн гүйцэтгэлтэй ажилласан байна. 

2024 онд 33.0 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөснөөс эхний хагас жилд 18.0 мянган тонныг төлөвлөж, гүйцэтгэлээр 19.8 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж 110%-ийн биелэлттэй байна.

Нэгдлийн хэмжээнд эхний хагас жилийн үйлдвэрлэл, санхүүгийн үзүүлэлтээс гадна өвөлжилтийн бэлтгэл байдлыг хэлэлцдэг. "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" нь 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 145 ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд үүнээс 77 ажлыг Гангийн үйлдвэрийн өвөлжилтийн бэлэн байдлыг хангах, үйлдвэрлэлийг тасалдалгүй жигд явуулахад чиглэсэн засвар үйлчилгээний ажил бол 68 ажил нь уул уурхайн хэсэгт хийхээр төлөвлөсөн ажлууд байна. 

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 1993 онд анхны ган хайлалтаа хийж, 1994 онд бүрэн ашиглалтанд орсон, 31 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын ган бүтээгдэхүүний томоохон үйлдвэр юм.

Тус үйлдвэр нь байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл нийтдээ 933.2 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, төмрийн хүдэр 28.4 сая тонныг олборлож, хуурай соронзон аргаар 27.7 сая тонн хүдэр боловсруулж, 21.4 сая тонн баяжмал үйлдвэрлээд байна. Компанид өнөөдрийн байдлаар 1471 ажилтан ажиллаж байгаагийн 98 хувь нь орон нутгийн ажилтан ажиллагсад байна.

 

378827418_704279121737877_4374711722398687645_n  

 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.