Ихийг зарах хүсэл хямд үнэтэй нүүр тулахаар байна
2024.08.27
178
Ихийг зарах хүсэл хямд үнэтэй нүүр тулахаар байна

Экспортын нүүрсний зах зээлд өрсөлдөөн улам ширүүсэж, байр сууриа хадгалж үлдэх гэсэн тоглогчдын "тулаан" бусдын гэр дотор өрнөж байна. Энэ бол өмнөд хөршийн импортын нүүрсний өнөөдрийн зураглал юм. Учир нь, эерэг төсөөлөлд сүүлийн жилүүдэд умбаж ирсэн нүүрсний эрэлт, хэрэгцээ цаашид ганхаж мэдэх нь. Гангийн зах зээл дэх сөрөг хүлээлт нүүрсний ханш аажмаар уруудах учир шалтгаан болж, өмнөд хөршийн эдийн засагт тодорхой бус байдал давамгайлж байна. Тэр тусмаа нүүрсний үнийг тодорхойлох гангийн үйлдвэрлэл хумигдах “нигуур”-тай байгаа нь манайх шиг эдийн засгийн бүтэцтэй орнуудад томоохон шок авчрах бодитой эрсдэл юм.

Тухайлбал, Монгол Улсын экспортын орлогын 57 хувийг нүүрс дангаар бүрдүүлж байна. Ийм нөхцөлд нүүрсний ханш буурах нь орлого тасалдах, алдагдал нэмэгдэх эхлэл. 

Гангийн салбарт дунд хугацаанд нүүрлэж болзошгүй эрсдэл нүүрс, төмрийн хүдрийн зах зээлийг бүхэлд нь ниргэх том савлагаатай. Тэрчлэн Хятадын нүүрсний дотоод үйлдвэрлэл, нийлүүлэлт эрс нэмэгдэж, импортын үнэ өсөх боломж олгох янзгүй байна. Бид чулуун нүүрсний экспортын биет хэмжээгээ дотроо 60 бус 75 сая тоннд хүргэнэ хэмээн зөгнөж байх хооронд гол хэрэглэгч орны импорт танагдаж эхэлсэн.

Гол нөлөө нь нүүрсний ханшаар илэрч, орлогын суваг тэр хэрээр нарийсч мэдэх нь. Наймдугаар сарын байдлаар манай улс 53 сая тонн нүүрс экспортолсон дүн мэдээтэй. Хэдий экспортын биет хэмжээ өссөн үзүүлэлттэй байгаа боловч борлуулалтын орлого буурсаар. Экспортын нүүрсний зах зээлийн үнэлгээ үнэ цэн алдах тусам төсөвт төсөөлөх орлого багасах эрсдэл наашилна гэсэн үг. 

Олон улсын энергийн агентлагийн үзэж байгаагаар дэлхийн хэмжээнд нүүрсний эрэлт 2024 оноос эхлэн 2026 хүртэл буурах хандлагатай байна. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.