“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” нь 33 хэлтэс, алба, цехтэй, нийт 1530 ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна. Тус үйлдвэр өөрийн эзэмшлийн Төмөртэйн төмрийн хүдрийн стратегийн ордыг түшиглэн “Уул уурхай-металлургийн цогцолбор” төслийг 2024-2028 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төслийн зорилго нь эх орны төмрийн хүдрээс эцсийн шатны ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлээ хангах билээ.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь энэ эхний хагас жилд цувимал бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийн төлөвлөгөөг 110 хувь, баяжмал үйлдвэрлэлтийн төлөвлөгөөг 108 хувиар биелүүлэн, 19 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэн ажилласан байна.
Үйлдвэрийн хувьд Төмөртэйн уурхай, Хуст-Уулын орд, Төмөртолгойн уурхай, Гангийн үйлдвэр гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 1993-2024 онд нийт 933 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 21.4 сая тонн төмрийн хүдрийн баяжмал олборлосон байна.
Мөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн “Нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө”-ний дагуу “Дархан” ҮТП-ын хүрээнд дотоодын тасралтгүй өсөн нэмэгдэж буй барилгын иржгэр болон гөлгөр ган туйван, булан төмөр, швеллер, төмөр утас зэрэг ган бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангах, бусад төрлийн ширэм, ган бүтээгдэхүүний болон металл боловсруулах жижиг, дунд үйлдвэрлэл кластер хэлбэрээр хөгжих боломжийг бүрдүүлэхээр зорьж байна.