ТОМИЛОЛТ: 1072 хувьцааны үнэ цэнэ, өгөөжийг өсгөх шинэ хуудас нээгдлээ
2024.06.24
730
ТОМИЛОЛТ: 1072 хувьцааны үнэ цэнэ, өгөөжийг өсгөх шинэ хуудас нээгдлээ
Цаг үеийн олон сорилт дундуур урагшилсан “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс баяжуулах үйлдвэрийн эхний блок хоёр жилийн дотор баригдаж дууссан нь эдийн засагт сайн мэдээ дагууллаа.

-Монголын экспортын нүүрсний өрсөлдөх чадварт том ахиц дэвшил үзүүлэх үйлдвэрийн нээлтээс...

Эргэн сануулахад, Монгол Улс 20 жилийн өмнө анх удаа нүүрсээ Шивээхүрэнгийн боомтоор экспортолж байлаа. Энэ цаг үеэс л “хар алт”-аа баяжуулах, нэмүү өртөг шингээх, ахиу үнэ хүргэх, их хэмжээгээр борлуулах, өмнөд хөршийн зах зээлд өрсөлдөх чадвартай байлгах хүсэл, хясал эхэлсэн. Тэгвэл цаг үеийн олон сорилт дундуур урагшилсан “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс баяжуулах үйлдвэрийн эхний блок хоёр жилийн дотор баригдаж дууссан нь эдийн засагт сайн мэдээ дагууллаа.

Цаг алдаж энэхүү төсөл царцсангүй. Улстөрчдийн хөлд үрэгдсэнгүй. Байгаль, цаг уурын хүндрэлийг ч ажирсангүй. 2022 онд эхэлсэн үйлдвэрийн бүтээн байгуулалт төлөвлөгөөт хугацаандаа өндөрлөж, туршилт, тохируулгын горимд шилжих түүхэн мөч ойртоно... Тэрхүү тод агшны гэрч болохоор уурхайчид, инженер техникийн ажилчид, орон нутгийн иргэд, яам, агентлаг, толгой компани болон гүйцэтгэгч компанийн төлөөлөгчид төслийн талбайн зассан хойморт саатна. Энэхүү үйл явдлыг сурвалжлахаар бидний хэдэн сэтгүүлч нийслэлээс 540 орчим км туулж ирээд байгаа нь энэ. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгснөөр өнөөдрийн арга хэмжээ албан ёсоор эхэлнэ. 

viber_image_2024-06-20_14-01-44-491 

Орчин үеийн гэгдэх дэвшилтэт техник технологийг нутагшуулсан, жилд 10 хүртэлх сая тонн нүүрс баяжуулах тус үйлдвэр манай улсын олон жилийн хүсэл байсан. Төрийн өмч давамгайлсан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьд шинэ хуудас нээгдэж байна. Хамгийн их нүүрс олборлож, тэр хэрээр хамгийн их нүүрсний экспортын төлөвлөгөө дангаар биелүүлж, ачаа үүрдэг компани бол "Эрдэнэс Монгол"-ын харьяа "Эрдэнэс Тавантолгой" ХК. Монгол Улсын иргэн бүр тус компанийн хувьцаа эзэмшигч төдийгүй зарим нь хувьцаагаа сургалтын төлбөр ч болгосон. 

Улаанбаатарт болдог эдийн засаг, уул уурхай, хөрөнгө оруулалтын томоохон чуулга уулзалт, хэлэлцүүлгийн тэргүүн сэдэв нүүрсээ бага зардлаар, өндөр үнээр зарах тухай л байдаг. Түүний шийдэл нь төмөр замаа яаралтай барих, удаах нь нүүрсээ баяжуулж, нэмүү өртөг шингээх. Ингэж л эдийн засгаа тамиржуулж, улсын төсвөө мөнгөжүүлэх, эх орноо богино хугацаанд өөд татах нь өнөөдрийн баараггүй гарц юм байна гэдгийг эцсийн мөчид дуу нэгтэй оролцогчид хүлээн зөвшөөрдөг. Гэвч цаасан дээрээс амьдралд газардах хүртэл улс дотроо бүрэн дүүрэн ойлголцолд хүрэх гэж, үүнийг тойрсон явцуу улс төр нь хуучрах хүртэл 20 жилийг алдсан байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК энэхүү ээдрээг туулж яваа бодит жишээ. 

Монголын эдийн засагт нүүрс орлого нэмэгдүүлэх онцгой таваар болсноор нүүрсээ баяжуулах нь зах зээлийн шахалт, хөгжлийн захиалга гэдгийг учир мэдэх хүмүүс аль эрт 2008, 2009 онд л ярьж, хэлж, сэтгүүлчид бичсээр л байсан юм. Цаг хугацааг ихээр алдсан ч гэлээ "Эрдэнэс Тавантолгой"-чууд 30 хүртэлх сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрийн эхний хэсгээ ашиглалтад орууллаа. Өрсөлдөөн улам ширүүсэх өмнөд хөршийн нүүрсний зах зээлд Монгол Улс гол тоглогчийн эгнээнд зүй ёсоор нэрлэгдэх эрхээ үүгээр баталгаажуулж байна. 

Жилд 10 сая тонн нүүрс нойтон аргаар хөвүүлэн баяжуулах бүрэн автомат үйлдвэрийн бүтээн байгуулалтыг БНХАУ-ын “Норинко Интернэйшнэл Кооперэйшн” компани болон “Дади инженеринг девелопмент групп” компанийн түншлэл гардан гүйцэтгэжээ. Төслийн нийт санхүүжилт 1 их наяд төгрөг бөгөөд үүнээс одоогийн байдлаар 796 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна. Баяжуулах үйлдвэр хэрэглэсэн усныхаа 96 хувийг дахин ашиглах аж. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн "Нүүрс баяжуулах үйлдвэр Монгол Улсын эдийн засагт томоохон дэмжлэг үзүүлэх, айл өрх бүрийн ашиг орлогыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах, цаашлаад Монгол Улс дэлхийн зах зээлд нэмүү өртөг шингэсэн чанартай бүтээгдэхүүн экспортлоход чухал нөлөө үзүүлэх өндөр ач холбогдолтой" хэмээн онцолсон бол "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал "Бид нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхдээ хамгийн орчин үеийн, байгаль орчинд ээлтэй, үйлдвэрлэлд туршигдсан, үр ашигтай, дэлхийд болон Ази номхон далайн бүсэд үйлдвэрлэл, технологиороо тэргүүлэгч брэндүүдийн тоног төхөөрөмжийг сонгож ашиглалаа" гэж тодотгосон юм. 

viber_image_2024-06-21_13-02-25-412 

Тавантолгой ордыг түшиглэн байгуулсан нүүрс баяжуулах үйлдвэр нүсэр. 160 мянган тонн нүүрс хүлээн авах багтаамжтай хоёр битүү агуулахаас бүрдэнэ. Нийт найман өөр төрлийн нүүрсийг хольж чанарын дунджилт хийн коксжих нүүрсний баяжмал, эрчим хүчний болон хаягдал гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм байна. 

Нүүрс баяжуулах үйлдвэрийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай усан болон цахилгаан дэд станц, автозамын бүтээн байгуулалтыг ч хийж гүйцэтгэсэн байна. Түүнчлэн үйлдвэрт ажиллах ажилтнуудаа ая тухтай ажиллах, амрах, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн номын сан, кофе шоп, кино театр бүхий 261 хүний багтаамжтай ажилчдын амрах байр, оффис, спорт цогцолбор, хоолны газар, авто машины гражтай ажилчдын хотхоныг цогцоор  нь шийджээ.

Нүүрс баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор “Эрдэнэс Тавантолгой” ХК жилд дунджаар 24 орчим сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж, 1.9 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олж, 197.3 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллах төдийгүй улс болон орон нутгийн төсөвт нийт 185.8 сая ам.долларын татвар хураамж төвлөрүүлэх боломж бүрдэх юм байна.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын дийлэнх хугацаа нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газраас онцгой дэглэм тогтоосон цаг үед үргэлжилжээ. "Эрдэнэс Тавантолгой"-н хувьд энэ сараас л энгийн горимд шилжээд байгаа.

viber_image_2024-06-20_14-02-21-095 

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд 34.4 сая тонн нүүрс борлуулж, 3.5 тэрбум ам.долларын орлого олж, улсын төсөвт 2.8 их наяд төгрөг төвлөрүүлсэн төдийгүй 2022, 2023 оны ногдол ашгуудыг хувьцаа эзэмшигчдэд олгосон амжилтууд гаргасан. Онцгой дэглэмийн хугацаанд компанийн санхүүгийн үзүүлэлт эрс сайжирснаар 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хүрч, компанийн өр төлбөрийн дарамт ч буурсан. Манай улс 2023 онд нийт 70 орчим тонн нүүрс экспортолсон. Үүний 50 гаруй хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК бүрдүүлсэн гэсэн үг. 

Засгийн газраас “нүүрсний хулгай”-г цэгцлэх гэж онцгой дэглэм тогтоосон бөгөөд 18 сарын хугацаанд компанийн үндсэн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай төслүүдийн санхүүжилтийг тасралтгүй олгож ирсэн байна. Үр дүнд нь Нүүрсний баяжуулах үйлдвэр, Загийн усны хоолой, Тавантолгой нүүрс ачилт логистикийн төвийн төслүүд эхнээсээ ашиглалтад орж, гүйцэтгэл нь төлөвлөгөөний дагуу биелэгджээ. Эдгээр төслүүд олон жил яригдаж ирсэн бөгөөд зарим нь эхлэл төдий байсан нь нууц биш. Онцгой дэглэм тогтоох үед гүйцэтгэл нь 13-44 хувь байсан бол өнөөдөр 90-100 хувь болсон байна. 

viber_image_2024-06-20_14-02-26-787_1 

Аль ч улсын эдийн засгийн хөгжлийн үндэс нь аж үйлдвэржилт. Монгол Улс зэсээ баяжуулж, нүүрсээ угааж, алтаа цэвэршүүлж, газрын тосоо боловсруулах нь аж үйлдвэржилтийн бодит сэргэлт. Тэгвэл манай улс коксжих нүүрсний баяжмал үйлдвэрлэснээр коксын үйлдвэр, нүүрс химийн үйлдвэр, гангийн үйлдвэр байгуулах нөхцөл бүрдэх юм. Тэрчлэн Тавантолгойн ордын уурхайн ашиглалт нэмэгдэж, насжилт уртсах төдийгүй сорчлон олборлох, баялгийг үнэгүйдүүлэх байдал хумигдах нь. 

Энэ их сайн мэдээ. Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор ордын эдийн засгийн эргэлтэд ордоггүй нүүрсний давхаргуудыг баяжуулж, ордын нүүрсний сорчлон олборлолтыг тэнцвэртэй болгож, сул коксжих нүүрсийг коксжих нүүрстэй хольж баяжуулах хэлбэрээр ордын нөөцийг бүрэн ашиглах, чанарыг дундажлан экспортын шаардлага хангасан өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ялгасан хаягдлын хэмжээгээр тээврийн зардлыг багасгах зэрэг эдийн засгийн чухал ач холбогдол гарахаар байна. 

"Эрдэнэс Монгол" компанийн зүгээс нүүрс баяжуулах үйлдвэрийн нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлийн гинжин хэлхээг дараах байдлаар зураглажээ. Үйлдвэрээс эхний ээлжинд 10 сая тонн баяжуулсан нүүрсний 1.7 сая тонн нүүрсийг кокс-химийн үйлдвэрт, 2.7 сая тонн-ыг кокс эрчим хүчний үйлдвэрүүдэд нийлүүлж, 2.2 сая тонн кокс, 107 МВ эрчим хүч, 60 мянган тонн коксын давирхай, 100 сая м3 нийлэг хий, 8.5 мянган тн амиак зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх бөгөөд тус баяжуулах үйлдвэрийн хаягдал буюу 2 сая тонн мидлингийг эрчим хүчний нүүрстэй хольж 450МВ-ын цахилгаан станцыг түүхий эдээр хангаж, цахилгаан станцын 1.4 сая тонн үнсээр эко хавтан, гипсэн блок зэрэг барилгын материал үйлдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл Тавантолгойн нүүрсийг иж бүрэн ашиглаж, байгальд ээлтэй, хаягдалгүй, эдийн засгийн өндөр өгөөж бүхий төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

viber_image_2024-06-20_14-02-29-441

Аж үйлдвэржилт сэргэх бодит итгэл найдвар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нээлтээ хийсэн Нүүрс баяжуулах үйлдвэр болж байна. Боловсруулж, нэмүү өртөг шингээх нь баялгаа үнэ цэнд хүргэх, олон улсын зах зээлд Монгол Улс нөлөө бүхий тоглогч байх чухал баталгаа болох юм.

"Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт "Аж үйлдвэрийн сэргэлтийг бий болгох томоохон төлөвлөгөөний эхлэл бол өнөөдөр ашиглалтад орж байгаа жилд 10 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр юм. Баяжмал нь зөвхөн шууд экспортод гарах бус, Тавантолгойн кокс-химийн цогцолборын үндсэн түүхий эд болж, аж үйлдвэрийн гинжин хэлхээг бий болгох нэн чухал ач холбогдолтой. Цаашид бид дэлхийд чанараараа тэргүүлдэг Тавантолгойн коксжих нүүрсийг дотооддоо боловсруулж кокс, метанол, демитилийн эфир, нийлэг байгалийн хий, бензин, дизель түлш, устөрөгч гэх мэт олон төрлийн аж үйлдвэрийн түүхий эдүүдийг үйлдвэрлэх хөгжлийн төлөвлөгөө боловсруулаад байна. Ингэснээр Монгол Улсад хими-металлургийн үйлдвэрлэл хөгжих үндэс суурь тавигдаж, аж үйлдвэрийн шинэ шат руу гарна" хэмээн нээлтийн индрээс онцлон тэмдэглэсэн юм. 

Эрдэс баялгийн арвин их үүц болсон Өмнийн цэнхэр говьд бараа бараандаа Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн хэрэгжих Үйлдвэрлэл, технологийн паркийн эхний үйлдвэр ийнхүү бүрэн хүчин чадал руу тэмүүлж, жигдрүүлэх, тохируулах үйл явц нь эхэллээ. 

viber_image_2024-06-20_14-01-59-718 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.