Монголын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн өдөрлөг Бээжин хотноо боллоо
2024.05.27
405
Монголын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн өдөрлөг Бээжин хотноо боллоо

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Уул уурхай, үйлдвэрийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Хөрөнгийн бирж, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, санхүүгийн байгууллагууд хамтран Монгол Улсын уул уурхайн салбарын бодлого, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн зах зээлийг БНХАУ-ын оролцогчдод сурталчлах, санал солилцох, бүтээгдэхүүний борлуулалтын талаар мэдээлэл өгөх өдөрлөгийг БНХАУ-ын Бээжин хотноо 2024 оны 5-дугаар сарын 27-ний өдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ, “Энержи Ресурс” ХХК, “Тавантолгой” ХК, “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК, уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны зуучлагч брокеруудын төлөөлөл болох “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК , “БиДиСек ҮЦК” ХК, “Ард Секюритиз ҮЦК” ХХК, “Мандал Капитал Маркетс ҮЦК” ХХК, “Өлзий энд Ко Капитал ҮЦК” ХХК, “Апекс капитал ҮЦК” ХХК болон уул уурхайн бүтээгдэхүүн худалдан авагч нийт 130 гаруй байгууллага оролцлоо.

Арга хэмжээг Монгол Улсаас БНХАУ-д суугаа бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нар нээж үг хэллээ. Монголын хөрөнгийн биржийн зүгээс Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн болон зах зээлийн танилцуулгыг Хяналт, Зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа нар Уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны өөрчлөлт сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

Түүнчлэн БНХАУ-ын худалдан авагч талын төлөөлөл болох Jidong Development (HK) International Limited компанийн Гүйцэтгэх захирал Zhou Zhitao Монголын уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлд уул уурхайн биржийн арилжаагаар дамжуулан оролцохын давуу тал, боломж, туршлагаасаа хуваалцав.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “УИХ-аас ил тод, хариуцлагатай уул уурхай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгохын зэрэгцээ баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх, эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтооход чиглэсэн бодлого, чиглэлийг гаргаж УИХ, Засгийн газраас шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд хийсэн онцлох ажлуудын нэг бол Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан явдал юм. Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа шударга, нээлттэй, ил тод зохион байгуулах, зах зээл дээр бодит үнэ тогтох боломжтой болох зэрэг үр өгөөжийг шингээсэн эрх зүйн үндэс бий болсон. Санхүүгийн зохицуулах хороо энэ хуулийн дагуу уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон биржийн арилжааны зуучлагчдад тусгай зөвшөөрөл олгож үйл ажиллагаанд нь хяналт, зохицуулалт тавьж ажиллахын зэрэгцээ холбогдох дүрэм, журмыг боловсруулан баталж, зохицуулалтын орчныг бий болгоод байна. Ийнхүү уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах нөхцөл бүрдсэнээр салбарын өсөлт, хөгжилд томоохон нөлөө үзүүлэх боломж бүрдсэн. Иймээс бид цаашид биржийн арилжаанд тавих хяналтыг сайжруулах, брокеруудын чадавхыг бэхжүүлэхэд илүүтэй анхаарч, арилжаа эрхлэх байгууллагатай хамтран ажиллаж байна” гэдгийг онцолсон юм.

Монголын хөрөнгийн биржийн 2023 оны 1 дүгээр сараас эхлэн экспортод гаргах нүүрний арилжааг амжилттай эхлүүлж, 2024 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 546 удаагийн арилжаагаар  26.2 сая тонн нүүрс, 1.3 сая тонн төмрийн хүдэр, баяжмал, 3,000 тонн зэсийн баяжмалыг нийт 12.5 их наяд төгрөгөөр (3.6 тэрбум ам.доллар) арилжаад байгаа бөгөөд арилжааны үр дүнд худалдагч компаниуд 1.06 их наяд төгрөгийн (312 сая ам.доллар)  нэмэлт орлогыг төвлөрүүлсэн байна.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.