Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв ашиглалтад орсноор 135 ажлын байр бий болно
2024.05.27
416
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв ашиглалтад орсноор 135 ажлын байр бий болно

Монгол Улсад анх удаа бүрэн автомат ажиллагаатай инженерийн байгууламж бүхий “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийг бүтээн байгууллаа. Уг төв нь жилд 20 сая/тонн түүхий нүүрсийг дамжуулан ачих хүчин чадалтай юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК  Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу Нүүрс ачих логистикийн төвийн төслийг 2021 онд эхлүүлж 2024 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад орууллаа. 

Төслийн нийт хөрөнгө оруулалт 313.192 тэрбум төгрөг бөгөөд  1 тонн нүүрс ачих өөрийн өртөг 2353.9 төгрөг, борлуулалтын орлого 3.9 их наяд төгрөгт хүрэх боломж нээгдэнэ.

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв нь Тавантолгойн ордын Баруун, Зүүн цанхын уурхайгаас олборлосон түүхий нүүрсийг хүлээн авч, бутлан тээвэрлэж, ангилан хольж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Нүүрс баяжуулах” үйлдвэрийг түүхий нүүрсээр хангахаас гадна төмөр замын тээвэрт бэлтгэн вагонд ачих технологийн 7 дамжлага бүхий цогц бүтээн байгуулалт юм.

“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” ашиглалтад орсноор шинээр 135 ажлын байр бий болж, улс, орон нутгийн төсөвт бүрдүүлэх татварын хэмжээ нэмэгдэх зэрэг нийгэм эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм. Тавантолгойн бүлэг ордоос олборлосон нүүрсийг Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудаар тээвэрлэн олон улсад борлуулах боломж нээгдэнэ.

"Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв"-ийн нээлт төслийн талбайд болж, Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж тэргүүтэй албаны хүмүүс нээлтийн арга хэмжээнд оролцлоо.

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв нь Вагонд ачигч, Бутлуур, Туузан дамжуурга, дагалдах тоног төхөөрөмж, Овоологч, Тэжээгч, барилга байгууламж, зам талбай, эрчим хүч, автоматжуулалт зэрэг 6 багц ажлаас бүрдэж буй.

mine_289289 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.