Төмрийн хүдрийн төлөв бүүдгэр байна
2024.05.17
226
Төмрийн хүдрийн төлөв бүүдгэр байна

Төмрийн хүдрийн дэлхийн зах зээлийн үнэ ханш нь барилгын салбар болоод машин механизм, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн салбарын эрэлт, нийлүүлэлтээс ихээхэн хамаардаг. Тэр дундаа нийт төмрийн хүдрийн үлэмж хэсгийг хэрэглэж буй БНХАУ-ын эдийн засгаас шалтгаалж ирсэн. БНХАУ нь дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 56 хувь, коскжих нүүрсний 60 гаруй хувийг эзэлж байна.

Өмнөд хөршийн гангийн хамгийн том хэрэглэгч болох үл хөдлөх хөрөнгийн салбар нь 2023 онд уналттай, зогсонги байсан. Харин дотоод үйлдвэрлэлийг дэмжих гол хүчин зүйл нь гангийн экспорт байлаа. Үүний нөлөө төмрийн хүдрийн үнэ 2023 оны турш тогтвортой, урьдчилсан таамгуудаас өндөр байхад нөлөөлж чадсан юм. Тэгвэл дэлхийн болоод БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашралаас шалтгаалан гангийн эрэлт энэ онд ялимгүй буурах, энэ нь төмрийн хүдрийн үнэ  уруудах нөхцөл байдлыг бүрдүүлж болзошгүй байна. Үүнээс гадна төмрийн хүдрийн нийлүүлэлт зах зээлд нэмэгдэхээр байгаа нь 2023 оны үнийн босгыг өөрчлөх магадлал тун өндөр байгаа юм. 

Өмнөд хөршийн гангийн эрэлт буурах шинж тэмдэг илэрсэн нь төмрийн хүдрийн зах зээлд тодорхойгүй байдлыг улам нэмэгдүүлэхээр байна. Дэлхийн хэмжээнд төмрийн хүдрийн олборлолт жилд дунджаар 2.5 тэрбум тонн байгаагаас нийт үйлдвэрлэлийн 60 орчим хувийг БНХАУ дангаараа хэрэглэж байна. Ирэх жилүүдэд буюу урт хугацаанд дэлхийн хамгийн том хэрэглэгч Хятадын төмрийн хүдрийн эрэлт буурахаар байгаа хэдий ч Азийн бусад орнуудын энэ төрлийн эрэлт өсөх хандлага ажиглагдаж байна. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.