Эрдэнэт үйлдвэрийн Ажлын хэсэг “Ачит Ихт" ХХК-д ажиллаж, дараах шийдэлд хүрэв
2024.05.14
565
Эрдэнэт үйлдвэрийн Ажлын хэсэг “Ачит Ихт" ХХК-д ажиллаж, дараах шийдэлд хүрэв

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Ачит Ихт” ХХК-ийн хооронд байгуулсан овоолго ашиглуулах, газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглуулах, цэвэр усаар хангах гэрээг цуцалж, дуусгавар болгон гэрээ дахин шинээр байгуулахгүй, цаашид төрийн өмчийн эд хөрөнгийг ашиглуулахгүй байх шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулах тухай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаал гарч, Ерөнхий инженер Т.Батмөнхөөр ахлуулсан Ажлын хэсэг өнөөдөр “Ачит Ихт” компанид ажиллалаа.

Ажлын хэсгийнхэн “Ачит Ихт” компанийн удирдлагуудтай уулзаж, 2015 оны 6-р сарын 26-ны өдөр байгуулсан Овоолго ашиглуулах гэрээг цуцалж, сульфитийн хүдрийн 2-р овоолгод хүхрийн хүчлийн уусмалаар хүдрийг бороожуулан уусгах үйл ажиллагааг энэ өдрөөс зогсоож байгааг албан ёсоор мэдэгдлээ.

Мөн Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Ажлын хэсэг Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг өнөөдрөөс цуцалж, хязгаарлах болсныг мэдэгдэв. Засгийн газраас “Ачит Ихт” компани болон Эрдэнэт үйлдвэрийн хооронд байгуулсан гэрээгээр талуудын тохиролцсон 34 хувьд оногдох ногдол ашгийг Эрдэнэт үйлдвэрт нөхөн төлүүлэхээр шийдвэрлээд байна. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.БАТМӨНХ: Эрдэнэт үйлдвэрийн 34 хувьд ногдох ашгийг нөхөн төлүүлэх ажлыг хэрэгжүүлнэ

-Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг өнөөдөр “Ачит-Ихт” компани дээр ажиллаж байна. Өнөөдрөөс эхлээд Овоолго ашиглуулах гэрээг цуцалж, үйл ажиллагааг зогсоож байгаа. Бид дараа дараагийн арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэхээр тохиролцсон. Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх дараагийн Ажлын хэсэг байгуулагдаж, Эрдэнэт үйлдвэрийн мэдэлд ирэх 34 хувийн асуудал, өнгөрсөн хугацааны 34 хувьд ногдох ашгийг нөхөн төлүүлэх ажлыг хэрэгжүүлнэ. Эрдэнэт үйлдвэр цахилгаан эрчим хүчээр, усаар хангах гэрээг хэрэгжүүлж байсныг цуцаллаа. Тус компанийн тээврийн хэрэгслүүдэд олгогдсон Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн бүсээр нэвтрэх, дамжин өнгөрөх зөвшөөрлийг хүчингүй болгож байгааг мэдэгдлээ. Энэ арга хэмжээнүүд хэлэлцээр амжилттай болтол үргэлжилнэ. “Ачит Ихт” компанийн үйлдвэрийг шууд зогсоохгүй. Үйлдвэр ашигтай бөгөөд хэвийн ажиллах ёстой.  Харин овоолгод шинээр уусгалт явуулахгүй, шинээр зэс гаргахгүй гэдэг дээр хоёр тал тохиролцон насосыг зогсоож байна. 

“Ачит Ихт” ХХК-ийн Үйлдвэрийн захирал И.БАТБОЛД: Манайд 200 гаруй хүн ажиллаж байна, бид дотоод ажлаа хэвийн явуулна

-Манайх Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн хувьд Засгийн газраас гарсан шийдвэрийг биелүүлнэ. Хамтран ажиллахад нээлттэй. Шийдвэр гарсаны дараагаар бид Эрдэнэт үйлдвэрт 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, яриа хэлэлцээрээ эхлүүлье гэдэг санал тавьсан. Ажлын хэсэг гараад 34 хувийг хэзээнээс яаж тооцох, ямар хэмжээний төлбөр хийх тооцоолол судалгаа гарах байх. Тэрний дагуу бид 34 хувиа Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэхэд бэлэн байна. Манайд өнөөдөр 200 гаруй хүн ажиллаж байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа одоогоор хэвийн, ямар нэгэн асуудалгүй яваа. Янз бүрийн хязгаарлалт хийсэнтэй холбоотойгоор үйлдвэрлэл бол зогсохгүй. Харин зохицуулалтууд бол хийгдэнэ. Бид цалин хөлсөө авахаар ажиллаж байгаа ажилчдын боломжийг хааж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс дотоод ажлаа хэвийн явуулна.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.