"Эрдэнэт үйлдвэр" 3.4 сая мод тарьж, 500 мянган модны тарьц үржүүлжээ
2024.05.05
87
"Эрдэнэт үйлдвэр" 3.4 сая мод тарьж, 500 мянган модны тарьц үржүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Эрдэнэт үйлдвэр өнөөдрийн байдлаар нийт 3.4 сая мод тарьж, 500 мянган модны тарьц үржүүлжээ. Тус үйлдвэр “Тэрбум мод” хөдөлгөөнд манлайлан нэгдэж, 100 сая мод тарих зорилттой ажиллаж байна.

"Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Г.Ёндон  “Эрдэнэт үйлдвэр, “Тэрбум мод” хөтөлбөрөөс эдийн засгийн том үр ашиг харж байгаа. Өнөөдөр олон улсын хэмжээнд хоёр бодит арга механизм бий болоод байна. Энэ нь хүлэмжийн хий үйлдвэрлэгчдийг торгох, эсвэл өндөр татвар ноогдуулах. Өөрөөр хэлбэл, ялгаруулсан хүлэмжийн хийн хэмжээгээр нь татвар ноогдуулдаг механизм үйлчилж байна. Магадгүй, тодорхой хугацааны дараа Эрдэнэт үйлдвэр, олон улсын хэмжээнд хил дамнасан худалдаа хийдэг компанийн хувьд зэсийн баяжмалаа борлуулахад, Хятадын хил дээр татвар төлдөг болно. Учир нь, дэлхийн хэмжээнд хүлэмжийн хий ялгаруулдаг 350 сая үйлдвэрлэгч байна гэсэн судалгааны дүн гарсан. Тэдгээр дотор Эрдэнэт үйлдвэр ч байгаа. Үүнээс чөлөөлөгдөж болох хамгийн гол гарц гэвэл тэрбум мод тарьж, ирээдүйд эдийн засгийн өрсөлдөх чадвараа хэвийн хэмжээнд хадгалах, сайжруулах бодит боломж байна. Эрдэнэт үйлдвэр хэдий хэмжээний хүлэмжийн хий ялгаруулна, төдий хэмжээтэй дүйцэх мод тарьж чадвал өнөөдрийн байдлаа хадгална гэсэн үг. Хэрэв илүү мод таривал одоогийнхоос илүү ашиг орлого олох боломж ч бий. Тиймээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд өндөр ач холбогдол өгч байгаа” гэж онцолсон. 

Эрдэнэт үйлдвэр “Ногоон хөгжил төслийн нэгж”-ээрээ дамжуулан “Эрдэнэт 100 сая мод” хөтөлбөрийн хүрээнд Хангайн бүсийн доройтсон ойг нөхөн сэргээх зорилгоор 33 сая мод, Говь хээрийн бүсэд цөлжилт, газрын доройтлыг сааруулах зорилгоор 30 сая мод, Орхон аймгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд 27 сая мод, хамгаалалтын ойн зурваст 10 сая мод тарьж, арчлан ургуулахаар төлөвлөн хэрэгжүүлж байна.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.