Эх дэлхий талархах цаг айсуй
2024.05.02
125
Эх дэлхий талархах цаг айсуй

Хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч орхигдсон талбайг эргэн нөхөн сэргээх ажил улс орон даяар өрнөж байна. Үүнд хариуцлагатай уул уурхайн компаниуд түүчээлэн оролцож буй. Тухайлбал, "Оюу Толгой" компани 1992 оноос эхэлж сүйдсэн, саяхныг хүртэл иргэд хууль бусаар алт олборлож байсан Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Их ноёны ам, Бага ноёны ам, Хургадын ам, Шарын гол сумын нутагт орших Цагаан хөтөл орчмын 4 байршилд техникийн нөхөн сэргээлт хийж эхэллээ. Нийт 187 га газарт "Оюу Толгой" компани техникийн нөхөн сэргээлт хийх юм.

"Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Оюу Толгой" компани 100 сая мод үе шаттай тарих амлалт өгсөн. Амлалтаа 2023 оноос ажил болгож эхэлсэн тус компани 100 сая мод хөтөлбөрийнхөө хүрээнд дээрх 187 га газарт техникийн нөхөн сэргээлт хийж, тухайн газрын хуучин хэвэнд нь хүргэх, цэнгэг усны эх бүрдэж буй ойн сан бүхий энэхүү газар ойжуулалт хийх орчин нөхцөлийг бүрдүүлэх юм. Зөвхөн техникийн нөхөн сэргээлт хийгээд зогсохгүй хөрс, усны элэгдэл гэмтлээс хамгаалах зорилгоор биологийн нөхөн сэргээлт хийх аж. 

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга Т.Атархишиг "Хууль бус алт олборлолтоос үүдэн нөхөн сэргээлт хийгдээгүй, орхигдсон талбайг өнөөдөр нөхөн сэргээж эхэллээ. Үүнд манай нутгийнхан ихээхэн талархаж, цаашид ийм байдал үүсгэхгүй байхад ч анхаарч, хариуцлагагүй уул уурхайг дур зоргоороо аашилж ирсэн байдлыг бид зогсооно. Нөхөн сэргээлт хийснээр унаган төрхөө олж, ан амьтан, адуу мал, хүн явахад унах, бэртэх аюул эрсдэл холдоно гэдэг маш чухал"  гэж сэтгэгдлээ хуваалцсан юм. 

oyu 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.