Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэд Эрчим хүчний зөвлөл байгуулагдаж, тус зөвлөлийн даргаар "Клин Энержи Ази" компанийн гүйцэтгэх захирал Д.Ганхуяг сонгогдлоо. Түүний хувьд өмнө нь "Ньюком" группийн Эрчим хүч, дэд бүтэц хариуцсан захирлаар ажиллаж байсан. Эрчим хүчний зөвлөл анхны хуралдаанаа хийж, хуралд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн 60 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, инженер, судлаачид оролцож, салбарын өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн хөгжлийн талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Бид хамтарч ажилласнаар импортлогч бус экспортлогч улс болох боломжтой. Салбарын нэгдсэн судалгаа тооцоолол, мэдээлэл солилцоо, туршлага, хөгжил, хамтын уялдаа холбоо, хүний нөөц, хөрөнгө оруулалт гээд олон хүчин зүйлээс эхлээд бүхнийг хамтдаа ярьдаг, хэлэлцдэг болох нь маш чухал байна. Ийм зорилгоор Эрчим хүчний зөвлөлийг Танхим санаачлан байгуулж, цаашид үйл ажиллагааг нь идэвхжүүлэн, гадаад, дотоод бүхий л үйл ажиллагааг нь дэмжиж ажиллана. Зөвлөл бизнесээ, төр, хувийн хэвшлийн түншлэлээ хангаж, хадгалж ажилладаг ийм өргөн цар хүрээг хамарсан платформ болох учиртай” гэв.
Зөвлөлийн Нарийн бичгийн даргаар МҮХАҮТ-ын Төсөл, хөтөлбөрийн газрын дарга А.Энэрэл сонгогдлоо. Эрчим хүчний зөвлөлийн даргаар ажиллахаар болсон Д.Ганхуяг “Салбарын хөгжлийг урагшлуулах, үүнд тулгарч буй асуудал, түүний гарц, шийдлийг хамтдаа олж, ярьж, хамтарч нэгдсэн эрх ашгаа хамгаалах гүүр нь Эрчим хүчний зөвлөл байх болно. МҮХАҮТ үүнд онцгой анхаарч байгаад талархалтай байна” гэв.