Монгол Улс жилд 100 сая тонноос дээш коксжих болон эрчим хүчний нүүрс экспортлох амбицтай. Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтыг төмөр замаар болон авто замаар холбох ажлууд хийгдэж байна. 2026 онд 90 сая тонн нүүрс, 1 тонн нүүрсээ 70 ам.доллароор борлуулахаар тооцсон. Экспортын биет хэмжээ жил бүр нэмэгдэж, нүүрс, зэс экспортын орлогын тэргүүлэх эх үүсвэр хэвээр хадгалагдаж байна. Манай улс 2003 оноос нүүрс эрчимтэй экспортолж эхэлсэн. Жилээс жилд нүүрсний экспортын биет хэмжээ, дүн өсөж, эдийн засагт үзүүлэх байр суурь ахиж байгаа. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд Хятадын зах зээлд нүүрсний эрэлт, үнэ өссөн нь Монголын нүүрсний экспортод маш том өөрчлөлт авчирч байна.
Ийм цаг үед "Уул уурхайн 7 хоног" 2026 оны 9 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд тав дахь жилдээ зохион байгуулагдана.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран жил бүр уламжлал болгон хийж байгаа тус өргөн цар хүрээтэй арга хэмжээ "Монголын нүүрсний салбарын уулзалт 2026: Сорилт & ирээдүй” сэдэвт хэлэлцүүлгийг Монгол нүүрс ассоциацийн хамтаар 9 дүгээр сарын 17-нд 14:00-18:00 цагийн хооронд Налайх дүүрэг, Тайж хайрханы бэлд зохион байгуулна.
Монголын нүүрсний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй сорилт, өрсөлдөх чадвар болон цаашдын хөгжлийн чиг хандлагыг салбарын гол оролцогчид хамтдаа хэлэлцэнэ. Mongolian Coal Summit 2026 нь нүүрсний салбарын төлөөлөл, бодлого тодорхойлогчид, бизнесийн байгууллагууд болон мэргэжилтнүүдийг нэг дор холбож, салбарын ирээдүйн боломж, шийдлүүдийг тодорхойлох хэлэлцүүлгийн талбар болох юм.
Эргэн сануулахад, 2025 онд нүүрсний экспортын орлого 5.76 тэрбум ам.долларт хүрч, ингэснээр нийт экспортын орлогын 36.5 хувь, нийт экспортын биет хэмжээний 86.9 хувийг дангаараа бүрдүүлсэн. Энэ нь Монголын экспортын түүхэнд урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт юм. Нүүрсний экспортын орлого 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 10 дахин өсөөд байна.
Нүүрсний экспорт 2022 оноос эхлэн огцом өсөхөд БНХАУ-ын нүүрсний эрэлт, үнэ өссөн нь шууд нөлөө үзүүлж байна.
Нүүрсний экспорт нь Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн уналтыг тогтворжуулах зэрэг чухал ач холбогдолтой.