Алтанбулаг, Замын-Үүдэд юу болов...
2024.03.21
539
Алтанбулаг, Замын-Үүдэд юу болов...
Эдийн засгийн хөгжилд гол саад болж асуудлуудыг шийдвэрлэхээр “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг Засгийн газар хэрэгжүүлж эхэлсэн. Тунхаг төдий уриа дуудлага бус тулсан асуудлаа тодорхойлж, түүний гарц, шийдлийн эрэлд Л.Оюун-Эрдэнийн танхим гарлаа гэж ойлгосон. Замд гарсан хүний зам нь илүү тод харагддаг.

-Иргэн бүрт мэдрэгдэх шинэчлэл-

 Эдийн засгийн хөгжилд гол саад болж байгаа асуудлуудыг шийдвэрлэхээр “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг Засгийн газар хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь тунхаг төдий уриа дуудлага бус тулсан асуудлаа тодорхойлж, түүний гарц, шийдлийн эрэлд Л.Оюун-Эрдэнийн танхим гарлаа гэж ойлгосон. Замд гарсан хүний зам нь илүү тод харагддаг. Энэ жишгээр асуудлын мөн чанарт тэд ойртож, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг тодорхойлов. Үүний нэг нь Боомтын сэргэлт байлаа.

Боомтоо өөд нь татах ажлыг Ерөнхий сайд Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгад даатгав.  

Малын гаралтай арьс шир, ноос ноолуур, уул уурхайн түүхий эд, ахуйн бараа таваар, өргөн хэрэглээний хүнс, хүнсний бүтээгдэхүүн орж, гарах төдийгөөр л боомтыг зураглах. Ийм түвшинд л боомтын үүргийг бидний дийлэнх олонх нь ойлгож ирсэн. Худалдаа наймаа дамжин өнгөрөх ерөнхий төсөөллөөр боомтын боломжийг харж, тэрхүү сэтгэлгээ дотроо бид хэтэрхий удаан “хүлэгджээ”.

Боомт гэхээр хилийн цэрэг, мэргэжлийн хяналт, гааль, шалгалт шүүлэг л хамгийн түрүүнд буух. Үүнээс цааших боломжуудыг төдийлөн олж хардаггүй байлаа. 

Гэтэл боомт хөгжлийн гарц төдийгүй улс орны эдийн засгийн  амин чухал тулгуур багана нь болж, орлогын үүдээр зогсохгүй олон улсын тавцанд ч улсаа өргөдөг эдийн засгийн зөөлөн, хатуу нь хосолсон дэд бүтэц ажээ. Тэрчлэн яриа хэлэлцээ, бизнес, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны идэвхтэй талбар, гол зангилаа нь болж байна. Ийм учраас боомтоо цаг алдалгүй олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх их ажил улс даяар тал талд өрнөж, экспортын шинэ гарцууд ч бий болж эхэллээ.

Боомтын хөгжлийн хоцрогдлыг арилгах, ачаа тээврийн нэвтрэх чадлыг нэмэгдүүлэх нь “Шинэ сэргэлт”-ийн бодлогын үндсэн зорилго. 

Монгол Улсад нийт 39 боомт байгаагаас 28 нь үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс агаарын замын  6 боомт, ОХУ-тай автозам болон төмөр замын 16 боомт, БНХАУ-тай 17 боомтоор тус тус хиллэж байна. Боомтын хүчин чадлаараа дэлхийн 160 гаруй улсаас 130 дугаар байранд манай улс  бичигдэж буй.

Олон улс дахь боомтын өрсөлдөх чадвараа ахиулах, эдийн засгийн үр өгөөжийг нь нэмэгдүүлэхээр Замын-Үүд, Алтанбулаг, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги тэргүүтэй боомт руу төр засаг гол анхаарлаа хандуулав. Эдгээр боомтыг эхний ээлжинд эрс өөрчилж байж л эдийн засгаа тэлж, экспортоо нэмэгдүүлэх, дэлхийн зах зээлд ойртох  юм байна гэсэн итгэл үнэмшил эрх баригчдад суужээ.

Боомт, боомт рүү хөтлөх дэд бүтэц, төмөр замаа барьж, байгуулснаар ачаа тээврийн үнэ хямд байх боломжтой төдийгүй өртөг зардал нь буурах, инфляц, үнийн өсөлт саармагжих, улсад үлдэх, иргэнд наалдах орлого өчигдрөөс сайжрах юм байна гэсэн хүлээлт, дүгнэлт рүү ирсэн байна. 

Манай улсын нийт экспортын 70 хувь нь зөвхөн Замын-Үүд, Гашуунсухайтын боомтоор гарч, импортын 92 хувь нь Алтанбулаг, Замын-Үүдээр дамжиж байна. Импортын гол боомт Замын-Үүд нь нийт зорчигчийн 40 хувь, суудлын тээврийн хэрэгслийн 76 хувь нэвтэрдэг хамгийн том боомт. Тус боомтыг өргөтгөн шинэчилснээр нийт талбай нь 8 дахин, өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4 дахин, том оврын ачаа тээврийн хэрэгслийн тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 7 дахин нэмэгдэхээр байна. Ийм боломж, нөхцөлийг бүрдүүлэхээр бүтээн байгуулалтууд Замын-Үүдэд хийгдэж дууслаа. 

Том ахиц дэвшлүүд эхнээсээ гарч байна. БНХАУ-ын талтай Монгол Улс нэлээд хүнд хэлэлцээр хийсний үр дүнд Замын-Үүд боомтыг 24 цагийн үйл ажиллагаатай болгох туршилтыг амжилттай хэрэгжүүллээ. Энэ мэдээтэй зэрэгцээд Замын-Үүд-Алтанбулаг боомтыг холбох 4 эгнээ авто зам барих хоёр ч концессыг ЗТХЯ-наас зарласан. Ажил хэрэг болсноор төв коридорын төмөр замын ачаалал буурах, авто замын транзит тээвэр нэмэгдэх ач холбогдолтой. Ийнхүү дэд бүтцээ шийдчихвэл Орос, Хятадын худалдааны транзит тээврээс манай улсын орлого ч нэмэгдэнэ гэсэн үг.  

boomt_24  

Удаах бүтээн байгуулалт Алтанбулаг боомт дээр өрнөж, чөлөөт бүсийн эдийн засгийг иж бүрэн цогцлоох ажлууд урагшилж байна. 2020 онд 21 жилийн дараа цогц бүтээн байгуулалтыг Засгийн газар эхлүүлж, Ачаа тээврийн шалган нэвтрүүлэх цогцолборын барилгын ажлыг 2023 оны 12 дугаар сарын 28-нд ашиглалтад орууллаа. Барилга байгууламжийн өргөтгөл шинэчлэлийн эхний ажил нь энэ.

Багц ажлын хүрээнд авто зам, барилга байгууламж, дэд бүтцийн өргөтгөл шинэчлэлийн ажлыг Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн RIBS төслийн хүрээнд хийж, хэрэгжүүлээд байна. Энэ онд хоёрдугаар ээлжийн ажлын хүрээнд зорчигчийн шалган нэвтрүүлэх цогцолборын барилга байгууламж болон бусад дэд бүтцийн ажлыг ашиглалтад өгөх ажээ. Эдгээрийн үр дүнд Алтанбулаг боомтын нэвтрэх зорчигчийн тоо 3 дахин, ачааны болон суудлын тээврийн хэрэгслийн тоо 4 дахин нэмэгдэнэ гэсэн тооцооллыг Боомтын сэргэлтийн үндэсний Үндэсний хороо танилцуулсан юм. 

boomt_boomt_24 

Тодруулбал, Алтанбулаг боомтод зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн 5 барилга, иж бүрэн инженерийн шугам сүлжээ, 6000 м.кв ногоон байгууламж байгуулахаар байна. Түүнчлэн тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1,7 км урттай авто зам, 7000 м.кв авто зогсоол, 30000 м.кв зам талбай барих, хяналтын тоног төхөөрөмж нийлүүлэх юм. Энэхүү бүтээн байгуулалт өрнөснөөр Алтанбулаг боомтын нийт зам талбай 2 дахин нэмэгдээд зогсохгүй шалган нэвтрүүлэх цогцолборын хэмжээ 2 дахин томрох юм. 

boomt_1.[1] 

Боомтын өргөтгөл, шинэчлэлийн үр дүнд боомт дагасан хот бий болох, Алтанбулаг сумын хүн ам 19 мянга орчим болно гэсэн урьдчилсан тооцоог албаныхан гаргаад байгаа. Бүсчилсэн хөгжлийн бодлого боомт руу чиглэж байна. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёлын уулзах цэг болсон боомтыг дагаж хотууд, аялал жуулчлал, чөлөөт бүсүүд, аж үйлдвэрийн паркууд хөгждөг. Энэ жишиг рүү бид ойртож байна. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.