Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн болж, Үйлдвэрлэл, техникийн хэлтэс оны эхний долоон сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтийг танилцуулжээ. Тайлант хугацаанд уулын цул гаргалт 850,000 тууш метр буюу 50,000 м3-ээр давж, хөрс хуулалт +531,000, хүдэр олборлолт +844,000 тонн, хүдэр өгөлт +608,000 тонн, ачаа эргэлт 5,695,000 тонн километрээр давжээ. Төлөвлөгөөнөөс 518,000 тонн хүдэр илүү боловсруулснаас гадна металл авалтыг 86,94, молибден авалтыг 45,84-д хүргэсэн байна. Ингэснээр төлөвлөгөөнөөс 15,192 тонн зэсийн баяжмал, 76 тонн молибдены баяжмал тус тус илүү үйлдвэрлэсэн амжилттай ажиллажээ.
Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлт тогтвортой сайн байгааг Ерөнхий захирал энэ үеэр онцолсон бөгөөд оны эхний хагас жилийн байдлаар орлогын төлөвлөгөө 143 хувийн биелэлттэй гарсан байна. Орлогын өсөлттэй зэрэгцэн зардал нэмэгдсэн нь гурван үндсэн хүчин зүйлтэй холбоотойг тэрээр тайлбарлав. Үүнд зэсийн үнэ өссөнтэй холбоотойгоор ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нэмэгдсэн, дизель түлшний үнэ өссөн, мөн ажилтнуудын цалингийн өсөлт нөлөөлжээ. Тухайлбал, ихэнх нэгжид 13 дахь сарын цалинг 137 хувиар тооцон олгосон юм. Энэ мэтчилэн зардал өссөн ч Эрдэнэт үйлдвэр 957 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар, хураамжийн төлөвлөгөөг 145 хувиар биелүүлжээ.
Эх сурвалж: "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ