“MONGOLIA MINING 2026” олон улсын уул уурхайн үзэсгэлэн энэ сарын 15-нд нээгдэнэ
8 Цагийн өмнө
92
“MONGOLIA MINING 2026” олон улсын уул уурхайн үзэсгэлэн энэ сарын 15-нд нээгдэнэ

Монгол Улсын уул уурхайн салбарын хамгийн том, нэр хүндтэй арга хэмжээ болох “Mongolia Mining” олон улсын үзэсгэлэнгийн 15 дахь удаагийн арга хэмжээ энэ сарын 15-нд нээлтээ хийх гэж байна.

Анх 2010 онд санаачлагдсан “Mongolia Mining” үзэсгэлэн нь уул уурхайн салбарт олон улсын жишигт нийцсэн үзэсгэлэнгийн соёлыг төлөвшүүлэх, төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчдийг нэг дор холбох, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор эхэлсэн бөгөөд өнөөдөр бүс нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын нэр хүндтэй арга хэмжээ болон өргөжин хөгжөөд байна.

Инноваци, тогтвортой хөгжил нь уул уурхайн салбарын ирээдүйг тодорхойлох стратегийн суурь хүчин зүйлс юм.”

Энэ удаагийн үзэсгэлэн “Ирээдүйг нээе – Инноваци, Тогтвортой Хөгжил” (Mining the Future: Innovation and Sustainability) уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэвшилтэт технологи, автоматжуулалт, дижитал шийдлүүдийг ашиглан илүү ухаалаг, илүү үр ашигтай, илүү тогтвортой уурхайг хөгжүүлэхэд чиглэж байна.

Үзэсгэлэнг уул уурхайн хамтын ажиллагааны Майнэкс Монголиа ХХК болон үзэсгэлэн, эвент зохион байгуулагч Экспо Монгол ХХК хамтран зохион байгуулж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, олон улсын элчин сайдын яамд болон гадаадын түнш байгууллагууд дэмжин ажиллаж байна.

Мөн үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр “Таванбогд Констракшн Машинери” ХХК ажиллаж байгаа бол Алтан ивээн тэтгэгчээр “Хера Экуйпмент” ХХК, “Иридиум Трак Монголиа” ХХК зэрэг компаниуд, Мөнгөн ивээн тэтгэгчээр “Макс Машинери Индастри” ХХК, “Эйч Эл Кэй Эм Эн” ХХК зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна.

“Mongolia Mining бол зөвхөн үзэсгэлэн биш, Монголын уул уурхайн ирээдүйг тодорхойлох стратегийн уулзалтын талбар юм.”

“Mongolia Mining 2026” үзэсгэлэн нь Монголын уул уурхайн салбарыг дэлхийн зах зээлтэй холбох чухал платформ болж байгаагаараа онцлог бөгөөд энэ жил Австрали, Канад, БНХАУ, ОХУ, АНУ, Герман, Их Британи, Энэтхэг, Турк, Беларусь, Австри, Финланд, Казакстан, БНСУ зэрэг дэлхийн 20 гаруй орны 100 гаруй байгууллага оролцож, хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмж, инновац, шийдлүүдийг танилцуулж байна. Олон улсын үйлдвэрлэгчид, технологийн компаниуд, хөрөнгө оруулагчид, үйлчилгээ үзүүлэгчид нэг дор цугларснаар Монголын зах зээлд дэлхийн шилдэг туршлага, дэвшилтэт технологийг шууд нэвтрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх бодит боломж бүрдэж байна.

Мөн гадаадын томоохон хөрөнгө оруулагчид үзэсгэлэнгийн үеэр Монголын уул уурхайн төслүүдтэй танилцаж, хамтын ажиллагааны шинэ гарц, боломжийг эрэлхийлэхээр зорин ирж байгаа нь энэхүү арга хэмжээний олон улсын ач холбогдлыг улам нэмэгдүүлж байна.

Тус үзэсгэлэн нь зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээ танилцуулах талбар бус, бодит бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг бий болгодог цогц платформ юм. Энэ жилийн онцлог нь B2B бизнес уулзалтыг илүү дижитал системд суурилуулж, оролцогчид уулзалтаа урьдчилан товлох, зорилтот түншүүдтэйгээ үр дүнтэй холбогдох, улмаар бодит гэрээ хэлцэл байгуулах боломжийг бүрдүүлж байгаад оршиж байна. Үүнээс гадна уул уурхайн салбарын инженер, геологич, тэсэлгээчин, өрөмдлөгийн мэргэжилтнүүдэд зориулсан семинар, мэргэжлийн холбоодын хурлууд зохион байгуулагдаж, мэдлэг туршлага солилцох, шинэ мэдээлэл авах, харилцаа холбоогоо өргөжүүлэх өргөн боломжийг бүрдүүлнэ.

Мөн үзэсгэлэнгийн үеэр дэлхийн шилдэг брэндүүдийн шинэ техник, технологийн танилцуулга (showcase) зохион байгуулагдаж, оролцогчид дэвшилтэт шийдлүүдтэй газар дээр нь танилцах боломжтой бөгөөд тусгайлан бэлтгэсэн нетворкингийн орчинд бизнесийн уулзалт, хэлцэл хийх таатай нөхцөл бүрдэж байна.

“Инноваци, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт-эдгээрийн огтлолцол нь Mongolia Mining үзэсгэлэн дээр бий болдог.”

Өнөөдөр Монголын уул уурхайн салбар хариуцлагатай олборлолт, байгаль орчны хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, орон нутгийн хөгжил, ESG зарчимд тулгуурлан хөгжиж, олон улсын түвшинд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж байна. Монгол Улс нь зэс, нүүрс, алт, газрын ховор элемент зэрэг стратегийн баялгаар баялаг тул дэлхийн уул уурхайн болон технологийн компаниудын анхаарлыг татсан хэвээр байгаа бөгөөд “Mongolia Mining” үзэсгэлэн нь энэхүү боломжийг бодит хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт болгон хувиргах чухал гүүр болсоор байна.

Гурван өдрийн турш үргэлжлэх “Mongolia Mining 2026” үзэсгэлэн нь оролцогчид, зочдод бизнесийн шинэ боломж нээх, түншлэл тогтоох, хөрөнгө оруулалт татах, шинэ технологи, шийдэлтэй танилцах, салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох өндөр ач холбогдолтой арга хэмжээ байх болно.

Иймд та бүхнийг Монголын уул уурхайн салбарын хамгийн том, хамгийн нөлөө бүхий энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж, идэвхтэй оролцохыг урьж байна.

MONGOLIA MINING 2026 ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

 

Майнекс Монголиа ХХК, Хан өргөө оффис, Энгелъсийн гудамж, Улаанбаатар 17032

Утас: 7777-3010, 8006-5668: Имэйл: sales@minex.mn

 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.