Татварын ерөнхий газраас “Оюу толгой” компанид гурван удаагийн татварын акт ногдуулсныг Хөрөнгө оруулалтын гэрээний маргаан шийдвэрлэх заалтын дагуу нэг мөр шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газар болон “Оюу толгой” компани хоёр талын зөвшилцлөөр 2020 онд Лондон хотын Олон улсын арбитрын шүүхэд хандсан бөгөөд арбитрын процесс үргэлжилж байна.
“Оюу толгой” компани нийт 18 төрлийн татвар, төлбөр, хураамж төлдөг. Үүнээс дөрвөн төрлийн татвартай холбоотой маргаан үүссэн бөгөөд энэ нь нийт төлж буй татварын ойролцоогоор10 гаруй хувьтай тэнцэж байгаа аж.
Эргэн сануулахад, Татварын ерөнхий газраас сүүлийн хоёр жилийн хугацаанд “Оюу толгой” компанийн 2021–2022 оны татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийж, 2026 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 220 сая ам.долларын татварын акт, 220 сая ам.долларын торгууль алданги буюу нийт ойролцоогоор 440 сая ам.доллар (1.6 их наяд төгрөг)-ын татварын нөхөн ногдуулалтын акт тавьсан.
“Оюу толгой” компани энэхүү татварын акттай санал нийлэхгүй байгаа ч уг актаар ногдуулсан 1.6 их наяд төгрөгийг татварын хуульд заасны дагуу 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлөөд байгаа юм.
Тус татварын акт нь Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ (ХөОГ) болон холбогдох татварын хуульд нийцэхгүй гэж үзэж байгаа тул “Оюу толгой” компани 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаад буй.