"Оюу Толгой" ХХК-ийн удирдлагын багийн бүрэлдэхүүний төлөөлөл 2026 оны 3 дугаар сарын 18-нд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх уулзалт зохион байгуулсан юм. Энэ үеэр тус компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх дараах байр суурийг илэрхийлж, сэтгүүлчдийн асуултад хариу өгсөн билээ.
Асуулт 1: Сонсголын үеэр танайхаас хүргүүлсэн тайлбар мэдээлэлд Entree resources-ийн талбай нь бүлэг ордын нэг хэсэг учир тусдаа байх боломжгүй гэсэн байна. Хэлцэл хэр ахицтай байна?
Тайлбар: “Онтрэ” компанийн тусгай зөвшөөрөлд хамрагдах хүдрийн биет нь геологийн тогтцоороо Оюу толгойн ашиглаж байгаа гүний уурхайн ордын нэг хэсэг юм. Ордыг үр ашигтай олборлох зорилгоор 1300 м гүнд хэдэн арван км үргэлжилсэн бэхэлгээтэй хана тулгуурыг барьж байгуулдаг. Мөн тэсэлж олборлох, зөөж тээвэрлэх, буталж жижиглэх техник тоног төхөөрөмж, ажиллах хүч зэрэг дэд бүтцүүд шаардлагатай бөгөөд эдгээргүйгээр Онтрэ компани ордыг олборлох аргагүй юм. Тиймээс газрын гүнд нэгэнт байгуулсан Оюу толгойн дэд бүтцийг ашиглан олборлолт явуулах нь лиценз эзэмшигч Онтрэ компанид ч, ашигт малтмалын нөөцийг өмчлөгч төр засагт ч эдийн засгийн ашигтай хувилбар юм. Тэр үүднээс бүх талуудын эрх ашиг, сонирхолд нийцсэн хэлцэл аль болох хурдан хугацаанд шийдэгдээсэй гэсэн байр суурьтай байгаа. Харин хэлэлцээрийн тухай нарийн мэдээллийг тухайн хэлэлцээрийн багуудаас авах нь зүйтэй болов уу.
Асуулт 2 : Онтрэ-ийн асуудал ХөОГ-д юу гэж тусгагдсан байдаг юм бол?
Тайлбар: Хөрөнгө оруулалтын гэрээ (ХөОГ)-ний §1.5, §15.5, §15.6, §16.11, §16.31, §16.34-д заасны дагуу Онтрэгийн лицензийн талбай нь тус гэрээний салшгүй хэсэг байгаа. ХөОГ-д Оюу толгойн бүлэг ордыг бүрдүүлдэг таван лицензийн талбайг тусгасан байдаг. Эдгээрээс хоёр нь буюу Шивээ толгой болон Жавхлант ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь “Онтрэе” компанийн эзэмшилд байдаг. Эдгээр тусгай зөвшөөрлүүдийг уг гэрээнд “Гэрээт талбай” хэмээн тодорхой заасан байдаг. ХөОГ-нд Монгол Улсын Засгийн газрын эдгээр лицензтэй холбоотой хүлээсэн үүргийг ч тусгасан байдаг. 15.7.8.-д “Онтрэе гоулд компанийн эзэмшиж буй 3148Х, 3150Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар Айвенхоу Майнз Лимитед компанийн өнөөгийн эдэлж буй эрхийг гэрээгээр баталгаажуулах, эсхүл холбогдох эрхийг Хөрөнгө оруулагчид шилжүүлж /ийнхүү шилжүүлсний дараа Засгийн газар уг эрхийн 34 /гучин дөрөв/ хувийг эзэмшинэ/ улмаар Засгийн газар уг хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох” хэмээн тусгагдсан байдаг. Иймээс Оюу толгой жил бүрийн уулын ажлын төлөвлөгөө гаргахдаа Шивээ толгой талбайг оруулан төлөвлөж, үүнд холбогдох байгууллагууд зөвшөөрөл олгож ирсэн. Тийм ч учраас Панел 1-ийн бүтээн байгуулалтаа Шивээ толгой лицензийн талбай руу орно гэдэг тооцооллоор урагшлуулж ирсэн юм. Лиценз шилжүүлэх ажлын саатлаас үүдэн Панел 1-ийн бүтээн байгуулалтаа зогсоон, Панел 2-ын өмнөд хэсэгт уулын ажлаа хийн, бүтээн байгуулалт өрнөж байна.