“ЦЕМЕНТ ШОХОЙ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
3 Цагийн өмнө
81
“ЦЕМЕНТ ШОХОЙ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ  СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Компанийн товч танилцуулга

 “Цемент шохой” ХХК нь 1983 онд байгуулагдсан, Монгол Улсын барилгын салбарын үндсэн материал болох цемент, шохой, клинкер үйлдвэрлэдэг үндэсний хэмжээний үйлдвэр юм. 2014 онд шинэ технологи бүхий Чулуунцрын үйлдвэр ашиглалтад орсон. Шохойн болон Цементийн үйлдвэрийг түүхий эдээр ханган ажилладаг. Чулуунцрын үйлдвэр нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн (клинкер) үйлдвэрлэж, цементийн үйлдвэрт нийлүүлдэг бол Цементийн үйлдвэр нь эцсийн бүтээгдэхүүн болох 32.5, 42.5, 52.5 маркийн цемент үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг бөгөөд 2022 оноос Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн компани болон үйл ажиллагаа явуулж байна.

Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 81 дүгээр зүйлийн 81.5.1, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 345 дугаар тогтоолын 1.2, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журам”, “Цемент шохой” ХХК-ийн дүрмийг тус тус үндэслэн “Цемент шохой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Гүйцэтгэх захирлын чиг үүрэг:

Гүйцэтгэх захирал нь Компанийн дүрэм болон Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнийг өсгөх, стратеги төлөвлөлт, алсын харааг тодорхойлох, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах болон компанийн өдөр тутмын бусад үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Стратегийн удирдлага: Компанийн уурхайн хөгжил, урт хугацааны стратеги, алсын хараа, зорилтуудыг боловсруулж, Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, ашигт ажиллагааг сайжруулах;

Санхүүгийн удирдлага: Ашигт ажиллагааг хангах, хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд компанийн хөрөнгийн хуваарилалт, төсөв, санхүүгийн гүйцэтгэлийг хянах;

Үйл ажиллагааны хяналт: Үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүний борлуулалт, аюулгүй ажиллагаа, технологийг мөрдөж, хариуцлагатай, стандартын дагуу явуулж байгаа эсэхийг баталгаажуулах;

Хамтын ажиллагаа: Компанийг олон улсад болон дотооддоо төлөөлөх, олон нийт, хувьцаа эзэмшигчид, Засгийн газрын албан тушаалтнууд зэрэг талуудтай харилцах;

Эрсдэлийн удирдлага: Богино хугацааны гүйцэтгэл, урт хугацааны үнэ цэнийг бий болгох ажлыг удирдан зохион байгуулах;

Багийн удирдлага: Удирдлагын багт манлайлал үзүүлэх, компани мэргэшсэн, чадварлаг боловсон хүчнийг бий болгох, хөгжүүлэх;

НЭГ. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА

  1. Бизнесийн удирдлага уул уурхай, хүнд үйлдвэрлэл,техник, технологийн инженерийн чиглэлээр дээд боловсролтой байх, магистр ба түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно.
  2. Удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажиллаж байсан туршлагатай байх;
  3. Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх,
  4. Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй байх,
  5. Тухайн хуулийн этгээдтэй адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд өөрөө болон хамаарал бүхий этгээд нь хувьцаа эзэмшдэггүй байх;
  6. Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй байх;
  7. Хамаарал бүхий этгээд улс төрийн өндөр албан тушаал эрхэлдэггүй байх;
  8. Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй байх,
  9. Зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
  10. Ял шийтгэлгүй байх.

ХОЁР. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА

  1. Барилгын материал үйлдвэрлэл, уул уурхай, эрдэс баялгийн салбарын мэдлэг, туршлагатай байх; 
  2. Бизнесийн томоохон төсөл, хөтөлбөрүүдэд санхүүжилт, хөрөнгө оруулалт татаж, амжилттай удирдан хэрэгжүүлж байсан туршлагатай байх;
  3. Компанийн засаглалыг сайжруулах, гүйцэтгэлийн үзүүлэлт, эрсдэлийн удирдлага болон хяналтыг хэрэгжүүлэх талаар мэдлэг, туршлагатай байх;
  4. Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хариуцлагын хөтөлбөрийн талаарх мэдлэг, туршлагатай байх /холбогдох олон улсын ба үндэсний стандартуудыг хэрэгжүүлж байсан бол давуу тал болно/;
  5. Англи эсвэл хятад хэлний ярианы болон бичгийн чадвартай бол давуу тал болно;
  6. Төрийн санхүү болон хуулийн мэдлэг, туршлагатай бол давуу тал болно.
  7. Мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх, мэргэжлээрээ мэргэшсэн инженер бол давуу тал болно;
  8. Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, манлайлах болон харилцааны өндөр чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй байх.
  9. Тэтгэврийн насанд хүрээгүй байх.

ГУРАВ. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ 500-800 үгэнд багтаан тодорхой бичиж, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх);
  2.  Анкет (Төрийн албан хаагчийн 2022 он, маягт №1);
  3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлж байсан 2-оос доошгүй байгууллагаасаа тодорхойлолт авах, өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийг нотлох баримтын хамт ирүүлэх);
  4. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /E-Mongolia/;
  5. Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
  6. Оршин суугаа газрын тодорхойлолт, эсхүл лавлагаа:  /E-Mongolia/;
  7. Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа;
  8. Ашиг сонирхлын зөрчилгүй талаар нотлох баримт, баталгааны хуудас /Нийтлэг шаардлагын 4, 5 дугаар заалтын талаарх мэдэгдлийг өөрөө боловсруулан, баталгаажуулан ирүүлнэ/;
  9. Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй тухай тодорхойлолт;
  10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа /E-Mongolia/;
  11. Нэр дэвшигчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасныг нотлох лавлагаа болон бусад нэмэлт материалууд.

ДӨРӨВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТ

  1. Сонгон шалгаруулалтад оролцогчийн материалыг ирүүлсэн огноо, цагийг бүртгэн хүлээн авна.
  2. Тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагад нийцэж байгаа эсэхийг үнэлж, хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчдыг ярилцлагын шалгалтад урина.
  3. Ярилцлагын шалгалтын дүнгээр хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчдын материал, шалгалтын үр дүнг толгой компанийн гүйцэтгэх захиралд танилцуулна.
  4. Толгой компанийн гүйцэтгэх захирал хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчийг Гүйцэтгэх захирлаар сонгож, гэрээ байгуулна.

ТАВ. МАТЕРИАЛ ХҮЛЭЭЖ АВАХ ГАЗАР, ХУГАЦАА

  1. Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 17.00 цаг хүртэл цахим хаягаар хүлээн авна.
  2. Нэмэлт мэдээллийг (976) 99041441 дугаарын утаснаас авна уу.
  3. Цахим хаяг: hr@erdenesmongol.mn

ЗУРГАА. АНХААРАХ ЗҮЙЛС

  1. Бүрдүүлэх материалыг цахимаар ирүүлэх бөгөөд нэг pdf файл болгон ирүүлнэ. 
  2. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй.
  3. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
  4. Материал хүлээн авсантай холбоотой компани тухайн оролцогчийн өмнө аливаа хариуцлага хүлээхгүй болно.
  5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
  6. Сонгон шалгаруулалтын дараагийн шатанд тэнцсэн оролцогчтой холбоо барина.

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.