Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ган үйлдвэрлэлийн цогцолборын ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар гангийн үйлдвэрийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-тэй танилцаж, олон улсын стратегийн хөрөнгө оруулагч, түншлэгчийг сонгон шалгаруулах төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
Гангийн үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ-г “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Үйлдвэрлэл, технологи, төсөл хөгжүүлэлтийн газрын менежер Г.Ганхуяг танилцуулав. Тэрбээр 2025 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улс нэг сая тонн ган бүтээгдэхүүн импортолсон бөгөөд 2030 он гэхэд дотоодын гангийн хэрэглээ 1.7 сая тоннд хүрэх төлөвтэй байгааг онцоллоо. Үүний үндсэн дээр жилд нэг сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гангийн үйлдвэрийн цогцолбор байгуулах тооцоолол хийсэн бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын гангийн хэрэгцээний 60–70 хувийг хангах боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн арматур, ган бөмбөлөг, ган бэлдцийн зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрээс хангах нөхцөл бүрдэнэ гэв.
Хуралдааны үеэр Сайд Г.Дамдинням “Одоогоор урьдчилсан ТЭЗҮ гэхээс илүү техникийн даалгаврын шатанд явж байна. Зөвхөн дотоодын хэрэглээнд тулгуурласан бус, экспортод чиглэсэн бодлоготойгоор гангийн үйлдвэрийг хөгжүүлэх шаардлагатай. Монголд үйлдвэрлэсэн ган Европын зах зээлд 10 хоногт хүрэх боломжтой бол БНХАУ-д үйлдвэрлэсэн ган 60 хоногт хүрдэг нь манай улсын давуу тал” хэмээн онцоллоо.
Мөн тэрбээр өндөр чанарын гангийн үйлдвэрлэл нь борлуулалтын эрсдэл багатай бөгөөд автомашин үйлдвэрлэл, салхин сэнс, өрөмдлөгийн тусгай ган зэрэг чиглэлд экспортлох боломжтойг дурдав.
Монгол Улс гангийн үйлдвэртэй болох олон жилийн зорилго бодит хэрэгжилтийн шатанд орж, олон улсын нээлттэй тендер зарлах бэлтгэл ажил хангагдсаныг хэлсэн үгэндээ онцоллоо.