Газрын тосны бүтээгдэхүүний хомсдол үүсэж болзошгүй үед хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг хэлэлцлээ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/253 дугаар тушаалаар газрын тосны бүтээгдэхүүний импорт, нийлүүлэлт, хангамжид тасалдал, хомсдол үүсэх болзошгүй нөхцөлд эрсдэлийг богино хугацаанд бууруулах, хангамжийн тогтвортой байдлыг хангах, түгээлтэд хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийг салбарын дэд сайд Б.Энхтүвшин ахалж байгаа бөгөөд өнөөдөр Аж үйлдвэр эрдэс баялгийн яаманд хуралдав.
Ажлын хэсгийн хуралдаанаар өмнөх хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан байгууллагуудын төлөөлөл хамтран боловсруулсан “Монгол Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тасалдал үүсэх, нөөцийн хэмжээ багасах, хомсдол үүсэж болзошгүй үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний стратеги төлөвлөгөө”-ний төслийг хэлэлцлээ.
Мөн стратеги төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хүрээнд байгууллага тус бүрийн хариуцах чиг үүрэг, уялдаа холбоо, хэрэгжилтийн үе шат-ын талаар санал солилцож, тодорхой шийдвэрүүдийг гаргав. Ажлын хэсэг нь цаашид төлөвлөгөөг сайжруулан эцэслэх, хэрэгжилтийг хангах зорилгоор шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.