Зэсийн үнэ 2025 оныг өсөлтөөр өндөрлөж байна. Улбар металлын ханш энэ онд 40 гаруй хувиар өсөж, нэг тонн нь 13 мянган ам.долларт хүрэв. Ингэснээр 2009 оноос хойших хамгийн өндөр өсөлтийг оны төгсгөлд үзүүллээ. Тодруулбал, даваа гарагт зэсийн үнэ тонн тутамдаа 13,000 ам.долларт хүрч өссөн нь уурхайн үйл ажиллагаа доголдож, худалдааны тасалдал гарсантай холбоотойгоор металлын хаан гэгдэх зэсийн үнэ 2009 оноос хойших хамгийн өндөр өсөлтийг бий болгож, тогтвортой өсөлтөөр 2025 оныг хааж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зэсэнд татвар ногдуулж магадгүй гэсэн таамаглал ханш чангарах гол хөдөлгөгч хүч болж, АНУ-ын импортын хэмжээ огцом нэмэгдэж, бусад орны үйлдвэрлэгчдийг нийлүүлэлтийн төлөө ширүүн өрсөлдөөнд хөтөлсөн. Тэрчлэн Америк, Африк, Ази даяарх уурхайнуудад гарсан үйлдвэрлэлийн тасалдал нь мөн өсөлтийн хөшүүрэг болсон байна. Хэдий дэлхийн зэсийн хэрэглээний 50 хувийг бүрдүүлэх БНХАУ-ын дотоод эрэлт буурсан ч ам.долларын ханшийн сулрал зэсийн арилжааг улам идэвхжүүлжээ.