ГШХО-ын нийгэм, эдийн засгийн үр нөлөөг хэмжинэ
2024.02.07
305
ГШХО-ын нийгэм, эдийн засгийн үр нөлөөг хэмжинэ
СЭЗИС-ийн дэд профессор Ж.Дэлгэрсайхан "Уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө"-г хэлэлцүүлнэ.

СЭЗИС болон Монголын бизнесийн зөвлөл хамтран “Уул уурхайн салбар ба Гадаадын шууд хөрөнгө оруулалт” сэдэвт хэлэлцүүлгийг Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд өнөөдөр зохион байгуулна. Хэлэлцүүлэгт төрийн байгууллагууд, уул уурхайн компаниуд, мэргэжлийн холбоодын төлөөлөл болон салбарын багш, судлаач, экспертүүд оролцоно.

Хэлэлцүүлгийн хүрээнд уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын Монгол Улсын эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөө, боломж, сорилтуудын талаар хэлэлцэж, эрсдэлээс сэргийлэх шийдлийг тодорхойлох юм. Тэрчлэн талуудын нэгдсэн ойлголтыг нэмэгдүүлэх, уялдаа холбоог сайжруулахад чиглэнэ. 

Хэлэлцүүлгийг Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт нээх бол эхний илтгэлийг "Монголын Улсын эдийн засагт үзүүлэх хөрөнгө оруулалтын нөлөө, хөрөнгө оруулалтын орчин" сэдвээр Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын Үйлдвэржилт, дэд бүтцийн хэлтсийн дарга Ш.Маргад танилцуулна. Удаах илтгэлийг ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш М.Дагва "Уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын боломж, сорилт" сэдвээр хэлэлцүүлэх юм.

СЭЗИС-ийн дэд профессор Ж.Дэлгэрсайхан "Уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө"-г хэлэлцүүлэх бол тус сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, доктор Р.Амаржаргал "Монгол Улсад хийгдэж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтаас үүсэх боломж, эрсдэл"-ийг тодорхойлно. 

Манай улс гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр дэлхийн 43 улстай, давхар татварын гэрээг 26 оронтой тус тус байгуулаад байна. Мөн Сөүлийн конвенц, Хөрөнгө  оруулалтын маргааныг шийдвэрлэх Вашингтоны конвенцид нэгдэн оржээ.

Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын 82.5 хувь уул уурхай, олборлох салбарт орж байна. Тухайлбал, 1990-2022 оны хооронд манай улсад гадаадын 120 улсын 14,836 компани байгуулагдаж, нийт 39.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.

Монгол Улсад хөрөнгө оруулалт татах гол салбарууд нь ашигт малтмалын хайгуул, уул уурхай, газрын тосны хайгуул, олборлолтын төслүүд хэвээр байна. Эрдэс баялгийн салбар нь улсын нэгдсэн төсвийн орлогын 24.8 хувь, экспортын 90 гаруй хувийг бүрдүүлж буй. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.