“MINERS AWARDS 2025”: САЛБАРЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
9 Цагийн өмнө
257
“MINERS AWARDS 2025”: САЛБАРЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Уурхайчдын баярыг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулдаг “Miners Day 2025” хүндэтгэлийн арга хэмжээг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

“Mining Awards” нь уул уурхайн салбарт хайгуул, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, инновац, хүний нөөцийн хөгжил, орон нутагтай итгэлцэлд суурилсан хамтын ажиллагаагаараа манлайлж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулан өргөмжилж, сайн туршлагыг олон нийтэд таниулах арга хэмжээ юм.

Арга хэмжээний хүрээнд “Miners Awards 2025”-аар уул уурхайн салбарын урт хугацааны тогтвортой хөгжилд чухал нөлөөтэй чиглэлүүдийг онцлон, хайгуул, хөрөнгө оруулалтын чанар, инновац, технологийн дэвшил, хүний нөөцийн хөгжил, иргэд, орон нутагтай харилцах харилцаанд бодит ахиц гаргасан байгууллагуудыг шалгаруулахад:

  • Хайгуул судалгааны шилдэг байгууллага: “Иннова Минерал” ХХК 

“Иннова Минерал” ХХК нь Овал зэс-никелийн хайгуулын төслөөрөө “Хайгуул судалгааны шилдэг байгууллага”-аар шалгарлаа. Тус төсөл нь Монгол Улсад анхдагчид тооцогдох магмын гаралтай зэс, никелийн сульфидын системийг шинжлэх ухаанд суурилсан, орчин үеийн арга зүйгээр илрүүлж, үнэлснээрээ онцлог.

mine_251225_awards_3 

  • Шилдэг хөрөнгө оруулагч байгууллага: “Цэнгазар” ХХК

“Цэнгазар” ХХК нь Говь-Алтай аймгийн Тайшир суманд хэрэгжүүлсэн “Дөрвөлжин” шохойн чулууны орд болон Тайширын шохойн үйлдвэрийн төслөөрөө “Шилдэг хөрөнгө оруулагч байгууллага”-аар шалгарлаа. Төслийн хүрээнд нийт 126 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дотоодын түүхий эдэд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэн импортыг орлох бодит үр дүнг бий болгосон.

mine_2512253_awards 

  • Хүнд үйлдвэрийн шилдэг бүтээн байгуулагч: “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь төмрийн хүдрийн олборлолт, боловсруулалт болон ган цувимал бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, аж үйлдвэржилт, хүнд үйлдвэрийн хөгжлийг бодитоор дэмжин хэрэгжүүлж буйг үнэлэн “Хүнд үйлдвэрийн шилдэг бүтээн байгуулагч”-аар шалгаруулжээ. 

darkhan_251225 

  • Шилдэг инновац, технологи нэвтрүүлэгч байгууллага: “Цайртминерал” ХХК

“Цайрт Минерал” ХХК нь Төмөртийн-Овооны ордод хэрэгжүүлсэн “Далд уурхайн дүүргэгч материал бэлтгэх технологийн төсөл”-өөрөө уул уурхайн үйлдвэрлэлд инновац, дэвшилтэт технологийг бодитоор нэвтрүүлж, “Шилдэг инновац, технологи нэвтрүүлэгч байгууллага”-аар шалгарлаа. Тус төсөл нь гүний уурхайн аюулгүй ажиллагаа, хаягдлын менежмент, байгаль орчны эрсдэлийг цогцоор шийдсэн инженерийн шинэлэг шийдэлд суурилсан юм. Төслийн хүрээнд гүний уурхайн аюулгүй ажиллагааны 6 төрлийн дэвшилтэт хяналтын системийг нэвтрүүлснээр сүүлийн жилүүдэд ноцтой осол, хөдөлмөрийн чадвар алдалт 0 үзүүлэлттэй ажилласан. 

tsairt_251225 

  • Хариуцлагатай уул уурхайн манлайлагч байгууллага: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ уул уурхайн салбарт хариуцлагатай, ил тод, тогтвортой үйл ажиллагааг төлөвшүүлэх хүрээнд “Тогтвортой уул уурхайн төлөө” (ТУУТ/TSM) олон улсын стандартыг төрийн өмчит компаниудыг түүчээлэн албан ёсоор нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн амжилтаар “Хариуцлагатай уул уурхайн манлайлагч байгууллага”-аар шалгарлаа. Тус стандартын хүрээнд өөрийн үнэлгээг хийж, ажлын хэсэг байгуулан, дотоод бодлого, үйл ажиллагаагаа олон улсын шилдэг туршлагатай уялдуулан үе шаттайгаар сайжруулж байна.
 
Мөн олон улсын сургалт, туршлага солилцоо, бодлогын хэлэлцүүлгийг системтэй хэрэгжүүлснээр хөндлөнгийн аудитад бэлтгэх тодорхой замын зураглалтай болжээ. Эрдэс баялгийн салбарт тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх “Эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжил” өндөр түвшний уулзалтыг зохион байгуулж, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийн шийдэл, бодлогын чиглэлийг хэлэлцэн хамтын ажиллагааг бэхжүүлсэн. Ийнхүү тогтвортой хөгжил, ил тод засаглал, нийгэм-байгаль орчны хариуцлагыг стратегийн түвшинд бодитоор хэрэгжүүлж байна.
erdenet_25125251 
  • Ирээдүйн инженерүүдийг дэмжигч байгууллага: “Оюу Толгой” ХХК
“Оюу толгой” болон “Рио Тинто Монгол” компани хамтран Шинжлэх ухаан технологийн их сургууль (ШУТИС)-д 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн Геотехникийн хамтарсан төслөөрөө Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас тодруулсан “Ирээдүйн инженерүүдийг дэмжигч байгууллага”-аар шалгарлаа. Энэхүү Геотехникийн хамтарсан төсөл нь дэлхийн уул уурхайн салбарт өсөн нэмэгдэж буй ажиллах хүчний эрэлтийг хангахад бодитой хувь нэмэр оруулахын зэрэгцээ Монголын уул уурхайн салбарын урт хугацааны тогтвортой байдлыг дэмжих зорилготой. Төслийн хүрээнд салбарын хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчин болон их, дээд сургуулиудын чадавх бэхжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.
oyu_tolgoi_251251  
  • Иргэд, орон нутгийн харилцааны үр дүнтэй шийдлийг нэвтрүүлэгч байгууллага: “Бороогоулд” ХХК тус тус шалгарлаа.

Бороогоулд ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд орон нутгийн сумтай хамтын ажиллагааны гэрээг анхлан байгуулсан компаниудын нэг бөгөөд байгаль орчны нөхөн сэргээлт, дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрийн хүрээнд олон төслийг орон нутгийн иргэдтэй хамтран амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай.

boroo_gold_2512251 

Мөн арга хэмжээний үеэр МУУҮА-ийн шилдэг хамтрагч байгууллагаар “Lyon Partner Alliance” ХХК, МУУҮА-ийн нэрэмжит шагналаар “Хан Алтай Ресурс” ХХК, “Mining Week & MinePro” арга хэмжээний нэрэмжит шагналаар “Mines Up” ХХК-ийг тус тус шалгаруулан өргөмжлөв.

“Mining Awards” арга хэмжээ нь уул уурхайн салбарын шилдэг туршлагыг үнэлэн алдаршуулж, тогтвортой, хариуцлагатай уул уурхайн хөгжлийг дэмжих чухал индэр болсоор байна.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.