"Эрдэнэс Алт Ресурс” ХХК эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлж, ордыг иж бүрэн ашиглаж чадсан үзүүлэлтээрээ “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд дундаасаа тэргүүлжээ. Нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Уурхайчдын өдөр”-ийг угтан 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа хийн тус онд геологи хайгуул, эрдэс баялгийн нөөц, санхүү, үйлдвэрлэлийн үзүүлэлтээрээ тэргүүлсэн нэгдлийн шилдэг компаниудыг тодруулсан байна.
Эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлж, ордыг иж бүрэн ашиглах чиглэлд “Эрдэнэс Алт Ресурс” ХХК тэргүүлж, Салхитын мөнгө-алтны ордынхоо үйлдвэрлэлийн ашгийг 600 тэрбум төгрөгт хүргэж орд ашиглах анхны ТЭЗҮ-ээр тооцоолсон төлөвлөгөөгөө даруй 180 гаруй тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ.
“Эрдэнэс Монгол” ХХК нэгдлийн зарчмаар ажилласны үр дүнд бүрэлдэхүүн компаниудын санхүүгийн үзүүлэлтүүд сайжирч, 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 12.9 их наяд төгрөгийн борлуулалтын орлого, 2.2 их наяд төгрөгийн цэвэр ашиг олж, 3.0 их наяд төгрөгийн татварын орлогыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр байна. Мөн уул уурхайн экспортын үр дүнд улсын гадаад валютын нөөцийн 80 хувийг бүрдүүлжээ.