Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Эрдэнэс Монгол нэгдэл, “Эрдэнэс ҮТП” ХХК болон “Тригтек” компани хамтран Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамны дэмжлэгтэйгээр “SILKROAD INVESTMENT-ITP FORUM” арга хэмжээг 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Бээжин хотноо зохион байгууллаа.
Форумын зорилго нь Монгол Улсын Засгийн газрын бодлогын баримт бичигт туссан 14 мега төслийн хүрээнд Эрдэнэс Монгол нэгдлийн дунд хугацааны стратегид багтсан 6 үйлдвэрлэл, технологийн паркийн төслүүдийг Хятадын болон олон улсын хөрөнгө оруулагчдад нэгдсэн, системтэй мэдээллээр хүргэх, хоёр орны байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, шинэ хөрөнгө оруулалтын боломжуудыг нээхэд чиглэжээ.
Арга хэмжээнд БНХАУ-ын уул уурхай, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын салбарын 150 гаруй төлөөлөгч, байгууллагын удирдлагууд оролцож, хөрөнгө оруулалтын чиг хандлага, хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар хэлэлцлээ. “Эрдэнэс ҮТП” ХХК нь Монгол Улсад үйлдвэрлэл, технологийн парк байгуулах болон хөгжүүлэх чиглэлээр бүтээн байгуулалт, менежмент, түншлэлийн олон талт ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус ажлуудын нэг нь салбарын хөрөнгө оруулалт, инноваци, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “ITP 2025” форум юм.
Энэ удаагийн төсөл танилцуулах уулзалт нь уул уурхай, аж үйлдвэрийн салбарын хөгжлийн чиг хандлага, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих бодлого, эрх зүйн орчин, хэрэгжүүлэхээр зорьж буй үйлдвэрлэл технологийн паркуудын төслийн талаар хөрөнгө оруулагч, оролцогч талуудад нээлттэй мэдээллийг хүргэснээрээ чухал ач холбогдолтой аж.
Тус форумыг хамтран зохион байгуулж буй Тригтек компанийн санаачлан хэрэгжүүлдэг Silkroad Investment арга хэмжээ нь 2023 оноос хойш жил бүр зохион байгуулагдсаар ирсэн бөгөөд эрдэс баялгийн салбарын эрүүл, тогтвортой, мэргэжлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчдад бодитой, баталгаатай мэдээлэл хүргэх зорилготой.