Төрийн өмчийн компанийн эзэн нь хэн бэ...
2 Өдрийн өмнө
220
Төрийн өмчийн компанийн эзэн нь хэн бэ...

Уул уурхайн бизнест төр хамгийн том тоглогч болж, өрсөлдөөнгүй энэ талбарт илүүрхэж байна. Тэр тусмаа сүүлийн 15 жилийн хугацаанд уул уурхай дахь төрийн оролцоо үлэмж тэлж, байгалийн баялагт суурилсан аж ахуйн үйл ажиллагааг төр эрхлэн явуулах чиг хандлага улам эрчимжив. Гадаадын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн эзлэх байр суурь эдийн засагт эсрэгээрээ хумигдаж, төр бүхнийг өөртөө “нэгтгэн хураах”, дахин хуваарилах, Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ томилох үзэгдэл хэд хэд давтагдлаа.

Төрийн нэрээр үйл ажиллагаа явуулах компани, үйлдвэрийн газартай хувийн хэвшил чин үнэнчээр өнөөдөр өрсөлдөх аргагүй болж байна. Төрийн өмчит компаниудын цар хүрээ, нэр нөлөө, эрх мэдэл уул уурхай, улсын эдийн засагт, бизнест бүр л тэлсээр байна.  Ийм цаг үед “Төрийн өмчит компанийн эзэн хэн бэ” сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг санаачлан, Конрад Аденауэрийн сантай хамтран зохион байгуулсан юм.

Төрийн өмчит компани болон байгалийн баялаг тойрсон "хулгай" өнөө нийгэм, улс төрийн ярианы гол сэдэв, "хэрүүлийн алим" болж, улс төр бужигнах хүртлээ халж, томорсон байна. 

Төрийн өмчит компаниудын томилгоо олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж, улстөрчид тэр хэрээр төрийн өмчийг өөрийн эрхшээлд байлгах, хамаарал бүхий хүндээ захирлын суудлыг авч өгөх, эсвэл авах гэж улайрах байдал ёс суртахууны хэм хэмжээнээс хэтрэв. Төрийн өмчит компани гэхээр хүний болон барааны шахаа болж, алдагдал, өр зээлийн хэмжээ нь хэдэн тэрбумаар яригдсан, эвдрэл гэмтэл их, тоног төхөөрөмж нь хуучирсан, байгаль орчинд ч ноцтой сөрөг нөлөө учруулах хэмжээнд хүрсэн гээд болохгүй, бүтэхгүй бүхэн ирж наалдана. Удирдлага нь улс төрийн томилгоо болж, байнга өөрчлөгдөж байдаг, сайн, муу ажилласан ч тэнд ялгаа зааг нь гардаггүй, улсын төсвөөс зарим нь татаас авдаг, бизнесийн үр ашиг багатай гээд олон зовлон тоочиж болохоор. Ийм байдал гэнэтхэн өнөөдөр үүсээгүй. Олон арван жилийн хуримтлагдсан үр дагавар зузаарч, өнөөдөр төр өөрийн үндсэн үүргээ мартах шахуу хэмжээнд хүргэж орхив.

"Төрийн өмчит компанийн эзэн хэн бэ" сэдэвт хэлэлцүүлэг эдгээрийг дурдаад, өнөөгийн үүссэн бодит байдалд эрүүл саруул ухаанаар дүгнэлт хийж, цаашид авах, сайжруулах гарц, шийдлийг хамтаар тодорхойлоход чиглэсэн юм. Тооцоо судалгаа, баримт, үр дүнг оролцогчид ул суурь болгож, бусдын сайн туршлага, өөрсдийн алдаа, оноо энэ бүхнийг цэгцтэй эргэж харах, улс төрөө бус улсаа бодсон алхмыг эрж хайлаа. Хэлэлцүүлгийн эхний илтгэлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ танилцуулж, өнөөгийн байдал, цаашдын шинэчлэлээ онцолсон.

Өнөөдөр төрд 68 хувьцаат компани, 99 хязгаарлагдмал хариуцлагатай компани, төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 357 байна. Төрийн эзэмшил бүхий 3 банк, тусгай сан 20 байна. Төрийн ороогүй салбар гэж алга. Бүх салбарт төр ямар нэгэн байдлаар өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийг байгуулж амжсан байна. Эдгээрээс уул уурхайн салбар дахь төрийн оролцоо, төрийн өмчит компанийг голлон авч үзлээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын мэдэлд "Эрдэнэс Монгол" ХХК болон "Эрчист Монгол" ХХК  үйл ажиллагаа явуулж байна. "Эрдэнэс Монгол" нь нийт 30 компанийг удирддаг бол "Эрчист Монгол" нь харьяа 8 компанитай.  

erdenes_mongol_251204 

tur_mine_251204

Санхүүгийн нэгтгэсэн тайлан гаргадаг 80 ТӨК-иудын санхүү, эдийн засгийн үзүүлэлтэд дүн шинжилгээ хийсэн байдлаас нь танилцуулахад, нийт орлогын 67.6%-ийг геологи, уул уурхайн салбар, 17.7%-ийг эрчим хүчний салбар, 14.6%-ийг зам, тээврийн салбар, 3.6%-ийг банк, санхүүгийн салбар, 0.4%-ийг мэдээлэл, харилцааны холбооны салбар, 0.9%-ийг бусад салбарын дүн эзэлж байна. Өөрөөр хэлбэл, ТӨК-иудын орлого уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай байна.

НЭГТГЭХ, ТАТАН БУУЛГАХ, ДАВХАРДАЛ АРИЛГАХ ШИНЭЧЛЭЛ

Төрийн өмчит компаниудад өөрчлөн зохион байгуулалтын ажил хийгдэж байгаа бөгөөд 14 ТӨК-ийг 6 болгох, нэгтгэх, татан буулгах замаар 37 ТӨК-ийг 7 болгон цөөрүүлэхээр ажиллаж байгааг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар онцоллоо. Хуучнаар Төрийн өмчийн хорооны эрх, үүргийг гүйцэтгэж буй тус газрын харьяа 17 байгууллага байна. Цаашид төр хуулийн этгээд байгуулах үндэслэл, шалгуурыг тодорхой болгож, хувийн хэвшил бизнесийн үйл ажиллагаа эрхлэх орон зайг тэлэх бодлого баримтална гэдгийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ тодотгоод,  "Зөвхөн стратегийн ач холбогдол бүхий салбарт төрийн өмчит компани байгуулна. Хувийн өмчит хуулийн этгээд гүйцэтгэх боломжгүй эсхүл зах зээлийн төвлөрөл өндөртэй салбарт нийтийн зориулалттай үйлчилгээ, дэд бүтцийн компани байгуулж болно. Орон нутагт компани байгуулах салбарын жагсаалтыг баталж, тооцоо судалгаагүйгээр компани байгуулахыг хориглоно. Чиг үүрэг, үйл ажиллагаа давхацсан төрийн өмчит компаниудыг нэгтгэн нийлүүлж, удирдлага, дэд бүтцийн зардлыг бууруулж, нөөцийг оновчтой хуваарилна. Төрийн өмчит компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, зах зээлийн үнэлгээг өсгөж, цаашид хэсэгчлэн нээлттэй компани болгох бодлого баримтална" гэв. 

ТӨК-иудад бүтцийн өөрчлөлт хийх, өөрчлөн зохион байгуулах, чиг үүргийн давхардлыг арилгах чиглэлээр тодорхой үр дүнгүүд гарч байгаа бөгөөд 2021-2022 онд толгой компанийн тоо 107 байсан бол энэ оны хүлээгдэж буй үр дүнгээр 85 болж буурахаар байна. Охин хараат компани 28 байсан бол 16 болж шинэчлэлийн үр дүн гарах аж. Төрийн өмчит компаниудад үйл ажиллагаа, үр ашгийг сайжруулах алхмыг эхлүүлсэн бөгөөд үндсэн үйл ажиллагааны зардлыг 15 хувиар бууруулах, ажлын байрны давхардлыг арилгах, чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоох зэргээр тодорхой ахиц, дэвшил гарч байгааг Ц.Баяр-Эрдэнэ тэмдэглэсэн. 

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2024 оны жилийн эцсийн тайлангаар, нийт зардлын 70.7%-ийг үйлдвэрлэлийн зардал, 25.3%-ийг үйл ажиллагааны зардал, 3.8%-ийг үйл ажиллагааны бус зардал эзэлж байна. Мөн нийт зардлын 5.8%-ийг удирдлагын зардал, 18.3%-ийг борлуулалтын зардал, 1.1%-ийг санхүүгийн зардал тус тус эзэлж байна. 

viber_image_2025-11-27_16-42-09-856 

“Төрийн өмчит компанийн эзэн хэн бэ” сэдэвт хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулсан Конрад Аденауэрийн сангийн Монгол дахь Суурийн төлөөлөгч Виктор Франк "Германы төрийн өмчит компанийн засаглал" сэдвээр удаах илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Герман улсын хувьд хувийн хэвшилд, өрсөлдөөнд давуу эрх олгодог. Төр зөвхөн олон нийтийн ашиг сонирхол хөндөгдөх үед зорилтот байдлаар оролцдог гэдгийг тодотгосон юм. Төрийн мэдэлд зайлшгүй байлгах салбараа урьдчилж тодорхойлсон бөгөөд тэдгээр нь улсын болон орон нутгийн өмчийн хэлбэртэй. Тухайлбал, усан хангамж, эрчим хүч, хог хаягдал зэрэг дэд бүтцийн салбарт төрийн өмчит аж ахуйн нэгж илүү төвлөрч, Сангийн яам удирдлагаар хангадаг байна. 

viber_image_2025-11-27_16-42-01-467 

Эдийн засагч А.Батпүрэв "Төрийн өмчит аж ахуйн нэгж: Хэний ч бишийн зовлон" сэдвээр ээлжит илтгэлийг танилцуулж, төрийн өмчит аж ахуйн нэгж 100 төгрөгийн борлуулалт тутамт 70-95 төгрөгийн зардал гаргаж байна гэв. Үүгээр бүтээмж, үр ашиг маш доогуур байгааг хэллээ. Төрийн өмчлөлийн бодлого тодорхой бус "Юуг, Яагаад төр эзэмших вэ?” гэсэн үндсэн зорилго тодорхойгүй, салбар хоорондын ялгарал байхгүй байгааг хөндсөн юм. Төрийн өмчит компаниудад Төлөөлөн удирдах зөвлөлийг хараат бус олонх бүрдүүлэх, мэргэжлийн сонгон шалгаруулалтын систем нэвтрүүлэх, удирдлагын гүйцэтгэлийн гэрээ (KPI)–г тогтолцооны түвшинд ашиглах., аудит, эрсдэлийн хороодыг идэвхжүүлэх, ингэснээр ТУЗ, удирдлагын засаглалыг сайжруулах боломжтой гэж тодорхойлов.

Мөн санхүүгийн сахилга батыг чухалчлах. Алдагдалтай төрийн өмчит ААН-д “аврал” үзүүлэх бодлогыг зогсоох, Өрийн дээд хязгаар (debt ceiling) тогтоох, Төрийн баталгааг хатуу шалгуураар олгох нь өнөөгийн нөхцөл байдлыг өөрчилнө гэв. Сүүлийн 10 гаруй жил төрийн өмчит зарим аж ахуйн нэгж, үйлдвэрийн газрыг хувьчлах, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх тухай ярьж, Засгийн газрын түвшинд уг асуудал эрчимжих хүлээлттэй байна. Тэгвэл Эдийн засагч А.Батпүрэв "Том арилжааны төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг IPO гаргах бэлтгэл хийх, Стратегийн хөрөнгө оруулагч нэвтрүүлэх, 100 хувь төрийн эзэмшлээс гарах боломжтой салбаруудыг хувьчлах" саналыг дэвшүүлсэн юм. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.