БНСУ-ын геологийн холбооны (GSK) 80-р чуулганд дэлхийн 50 гаруй орны 900 орчим геологич, судлаачид оролцлоо
БНСУ-ын Геологийн холбооны (GSK) 80-р чуулган болон БНСУ-ын геологийн холбоодын намрын хамтарсан хурал “Геологийн шинжлэх ухаанаар дамжуулан бэрхшээлийг даван туулах нь: Аюулгүй тогтвортой ирээдүйг Геологи шийднэ” уриан дор 2025 оны 10 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд Чэжү аралд зохион байгуулагдлаа.
Дэлхийн 50 гаруй орны 900 орчим геологич, судлаачид оролцож шинэ технологи, арга аргачлал, мэдлэг, туршлагаа хуваалцаж хэлэлцүүлсэнээрээ онцлог хурал боллоо.
Монголын геологийн холбоо 15 хүний бүрэлдэхүүнтэй тус хуралд оролцсон бөгөөд шинэ туршлага судалж, мэдлэгээ нэмэгдүүлэн, салбарын гадаад харилцаагаа өргөжүүлсэн ач холбогдолтой хурал болж өнгөрсөнийг цохон тэмдэглэж байна. Хурлын үеэр Монголын геологийн холбооны гишүүд болох МУИС-ийн ШУС, ГГТ-ийн профессор Х.Уламбадрах болон МНРИК ХХК-ийн ахлах геологич Л.Дагва-Очир нар илтгэл хэлэлцүүлсэнээс гадна, холбооны судлаач гишүүдийн ханын илтгэлүүдийг нийт оролцогчдод танилцуулсан.
3 өдрийн турш танхимаар хуралдсан хурал өндөрлөж, сүүлийн өдөр оролцогчид Чэжү арлын геологийн тогтоцтой танилцах сонирхолтой хээрийн аялалд оролцож, олон улсын судлаачидтай санал бодлоо солилцлоо.
БНСУ-ын геологийн холбооны (GSK) 80-р чуулган болон БНСУ-ын геологийн холбоодын намрын хамтарсан хуралд Геологийн холбооноос гадна ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн Монгол Улсаа төлөөлөн оролцов.
Эх сурвалж: Монголын Геологийн холбоо