Эрдэс боловсруулалтын FLSmidth групп Эрдэнэт үйлдвэртэй бүх чиглэлээр хамтран ажиллах саналаа илэрхийллээ
Дэлхийн эрдэс боловсруулалтын салбарт технологи, инженерчлэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, угсралт суурилуулалт, мэргэжилтэн бэлтгэх сургалт зэргээр тэргүүлэгч "FLSmidth" группын зочид, төлөөлөгчид өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт хүрэлцэн ирлээ. Тус группын Гүйцэтгэх захирал Микко Кэто тэргүүтэй удирдлагын баг, Монгол дахь үйл ажиллагааг хариуцан ажилладаг “ФЛСМИДТ Монголиа” ХХК-ийн төлөөлөгчдийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, албаны бусад хүмүүсийн хамт хүлээн авч, уулзав.
Уулзалтын эхэнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, уул уурхайн техник технологийн чиглэлд олон жил хамтран ажиллаж буй, итгэлт түнш "FLSmidth" группын удирдлага, хамт олны төлөөлөл хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, өнгөрсөн хугацааны туршид хамтран хийсэн бүхий л шинэчлэл өргөтгөлийн төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжин, үр дүнгээ өгсөөр байгааг тэмдэглэлээ. Цаашид энэхүү хамтын ажиллагааны цар хүрээ улам өргөжин бэхжиж, уул уурхайн нарийн мэргэжлийн инженер, мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх, Баяжуулах үйлдвэрийн техник технологи, молибденын флотаци машины шинэчлэл зэрэг чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах саналтай буйгаа онцлов. Мөн тэрээр удахгүй 47 дахь жилийн ойгоо тэмдэглэх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаа, үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтийн талаар зочдод танилцуулсан юм.
Цемент үйлдвэрлэлийн салбараас үйл ажиллагаагаа эхлэн, эдүгээ 140 гаруй жилийн түүхтэй эрдэс боловсруулалтын бизнесийн туршлага бүтээсэн "FLSmidth" группын Гүйцэтгэх захирал Микко Кэто, халуун дотно хүлээн авч буй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага, хамт олонд хариу талархал илэрхийлэн, Монголын уул уурхайн шилдэг үйлдвэр, Эрдэнэт үйлдвэрт группийн удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, үйл ажиллагаатай нь биечлэн танилцахаар зорьж ирсэн хэмээлээ.
"FLSmidth" групп нь сүүлийн 20-30 жилд уул уурхайн салбарт төвлөрч, техник технологи, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл явуулдаг компаниудыг нэгтгэн, дэлхийн олон оронд үйлдвэрлэл, нийлүүлэлтийн чиглэлээр хамтран ажиллаж байна. Тэр утгаараа уул уурхайн технологийн шинэчлэл, хамтран ажилладаг харилцагчдадаа онцгойлон анхаарч буйгаа тэмдэглэн хэлж, Эрдэнэт үйлдвэртэй бүх чиглэлээр хамтын ажиллагааны шинэ түвшинд ажиллахад бэлэн байна, гэдгээ илэрхийлэв.